Pages

Wednesday, November 21, 2012

Наадмын өглөө

Наран зүүн уулын цаанаас дөнгөж цухуйж, мөнхөд үл дуусах алтан шар цацрагаа баруун уулыг хальтал гийгүүлэх үест мөнгөн саран жаргаж хараахан амжаагүй л байв. Хөх тэнгэрт нүдэнд торох үүл ч үгүй. Гагцхүү уужим хөх огторгуйд эрэлхэг хүрэн бүргэд цэг болтлоо өндөр авснаа алгуурхан доошлох нь харагдана.
Зуны салхи гэнэт ширүүсэх аядсанаа үес үесхэн үлээж, талын цэцэгсийг халиуруулан намилзуулж, хээрийн бяцхан бор шувууд цэцгийн дэлбээнд тогтсон шүүдрийн болор дуслаар амны цангаагаа тайлан далавчаа дэр дэрхийлгэн сүртэй дуу чимээ гаргана. Хээрийн шувуу тэндээс ниссээр нэлээд зайдуухан орших гүүн зэлний гадас модон дээр буухад өглөөний хурц наранд нозоорон хэвтэж байсан унага давхийн цочиж боссоноо айхтар дуу гаргасан амьтан нь хорхойд ч хоргүй харагдсан тул тайвшран дороо хэвтэв.
Хүй долоон худагт болох төрийнхөө их баяр наадамд тоосоо өргөхөөр газар газрын шандаст хурдууд цуглажээ. Мөнхүү манлай, алдарт уяачдын хээ хуар болсон майхан гэрүүд хөндийн цэцэгс шиг яралзах нь андашгүй. Уяан дээр нь байх морьдоос ч олон төмөр хүлгүүд гадна нь өрөөстэй.
Өчигдөрхөн шилбүүр сандайлан хурга, ишиг эргүүлж тойруулахаар гүйлдэж байсан багачууд өнөөдөр өөрсдийгөө хэдийнэ том болсон мэт санана. Тод өнгийн нэгэн ижил хувцас өмсчихсөн явах нь эрвээхэй ч атаархам аж. Тэд хурдан морио унаж уул уулсын цаанаас уралдана гэхээс л сэтгэлийнхээ тэрхүү баяр цэнгэлээр тэнгэрт нисэн алдан хөл нь ч газар хүрэхгүй энэ тэрүүгээр холхино.
Найман ханатай их гарын дун цагаан гэрийн урд, хойно саахалт айлын зайтай үргэлжлэх хурдан морьдын уяан дээр хашир уяачид эрдэнэт хүлэгтэйгээ сэтгэлийн үгээ ярилцах мэт. Хүлэг нь эзнийхээ үгийг ойлгож буй аятай толгой хаялан, газар цавчлах нь үлгэрт л гардаг гуурст хүлгийг санагдуулна. Эзэн хүлэг хоёр энгийнээр ярилцаж эрхгүй нэгнээ хэнээс ч илүү ойлгоно. Хашир уяачдыг даган уяачийн эрдэмд суралцаж буй залуус хүлэг моридыхоо хөхөл сойлгыг боон зогсох нь танил агшин.
Өвгөн аавыгаа амьд сэрүүнд зуны гурван сард хөдөө ах нарын уяж сойсон морьдыг хөлөргөж, их сунгаанд хурдлуулж, тэднээс урмын үг сонсдог байсан гэгээн дурсамжууд ар араасаа цувран сэтгэлд минь амилан сэрвэй.
Хүй долоон худаг нэрт энэ саруул хөндийд урьд өмнө өвөг дээдэс минь дагшин наадам зохиож байсан тухай түүхийн хуудаснаа үлджээ. Энэ жилээс тэрхүү уламжлалыг сэргээн энэ газарт хурдан морь уралдуулах шийдвэрийг төрөөс гаргасан билээ.
Жил бүрийн наадмаар Улаанбаатарын өмнө сунайх Богд хан уулын хойд хормойд морьдоо уралдуулж, гурав хоног баярлачихаад дараа нь тэр газрыг дурсдаг ч амьтангүй бүгд нутаг нутгийн зүг хүлги йн жолоо эргүүлнэ. Хамаг өвс нь халцарч, царцаа буухад ч тоос бужигнахаар болж дара жилийн хаврыг хүлээхээс өөр аргагүй болдог байсныг анзаардаг хүн хичнээн байсан бол доо?
Өвөг дээдэс маань наадам хийхдээ тэр хавийнхаа газрын эзэн лус савдгийг аргадан тахьдаг уламжлалтай байсан. Тэгтэл Богд ханыг тахих нь байтугай зорьж гараад овоонд нь чулуу өргөдөг хүн ховор байсан биз ээ. Магадгүй ингэж газрыг нь өөрчлөх нь зөв байсан. Монголчууд бид эх нутгаа хайрладаг ч гэсэн түүнийгээ ил гаргаж чаддагсан билүү. Би ийн бодож явлаа.
Хурдан морьдын түрүүч азарга эргэжээ. Наадмын талбайн хойгуур эмх замбараагүй байрлах гэрэн гуанзуудын дундуур хоол унд эргүүлдэн явсан хэсэг наадамчдын морьтой нь давхилдаж, явган нь гүйлдсээр Хүй долоон худагт хөх тэнгэрт ч харагдахааргүй их тоос босгон барианы зурхай тийш зүглэв.
Араажаваар сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын морь тайлбарлах дуу хөндийгөөр нилэнхүйдээ хадаж, уяа сахиж үлдсэн өвгөд түүнийг ч завгүй гэрийн хаяанд суунгаа эртний домогт хурдан хүлгүүдийн талаар ам уралдан хөөрөлдөнө. Хааяа ганстай тамхиа гүн гэгч нь сорон утаагаа агаарт хөөргөх нь харагдана.
Машин тэргүүд зайгүй сүлжилдсээр нэг л мэдэхэд аалзны тор адил замбараагүй олон зам үүсгэжээ. Харин энэ олон жижиг замууд яван явсаар нэг л гол замд нийлдэг шиг удам дамжсан эрдэмт уяачид, хүчит бөхчүүд, эрхий мэргэн харваачид наадам хэмээх энэ л сэжмээр холбогдсоор хэдэн зууныг элээснийг би таашгүй. Гагцхүү цээлхэн хоолойтой багачуудын гийнгоо, эрдэнэт хүлгийн ган дөрвөн туурайгаараа газар бөмбөрдөн цойлох чимээ энэ бүгд түүнээс ч олон зууныг дамжин хойч үед минь хүрнэ гэдгийг л мэдэж байна.

2004.07.11
Хүй долоон худаг

No comments:

Post a Comment