Pages

Wednesday, November 21, 2012

ЧИНГИС УУЛ МИНЬ


/Аян замын тэмдэглэл/
Номин хөх тэнгэр, навчин шаргал талын өгнө хоорондоо үнэхээр зохицож гайхалтай сонин үзэгдмүй. Урд сунайн хөндөлсөх уулс, түүний наанатай бор хөрсөн дээр дэвсгэр болсон хатаж гандсан өвс салхинд найган агаарт хөөрөхийг хүсэвч газар ижий хүүгээ холын аянд явуулахгүй гэсэн шиг түүнээс амь тэмцэн зуурна. Салхи зөөлхөн үлээнэ, бид алгуурхан урагшилна. Намар бөлгөө.
Урд хошууг тойруут битүү бүрхсэн хад чулуу нь хуяг дуулгаа өмссөн баатар эр тулаанд бэлтгэн зогсож буй мэт Чингис уул биднийг угтвай. Үнэнч хүчит баатрууд Чингис эцгийн тааллаар тэмээ шиг том чулуунуудыг тэгнүүлэн өрчихсөн мэт, нөгөөтэйгүүр балчир хүүхдийн төсөөлөөд зурчихсан зураг шиг эв хавгүй ээ.
Монгол улсын нийслэл Улаанбаатараас зүүнтэй нэгэн сонин уул байдаг бөлгөө. Энэ уул энд тэндээс сунаж тогтсонгүй, газрын хөрсийг цоолж ургачихсан мэт сондгой бөгөөд гайхмаар. Нэгэн цагт Азийн цээжийг морин туурайгаараа тамгалж асан их хааны ариун бие цогцос энд энэ газар шороон дор байгаа ч юм билүү.
Уулын оройд гарах үед бидний халууцсаныг мэдсэн мэт сэрүүн салхи үлээн, харин тээр дор зам, гол хоёр уралдан хөвөрнө. Баруунтаа хэвийх нарны туяа мушгиралдан урсах голын усанд ойж, нүдэнд хурцаар тусан түүнд нь нүд өөрийн эрхгүй цавчилна.
Найман зууны тэртээ энэ уулын хормойд Эзэн хаантан их цэргээ буудаллуулан өөрөө уул өөд заларч амсхийсэн гэнэм. Уулын орой дээр нэгэн дөрвөлжин чулуу байна гэнэ. Их хаан эргэн тойрныг хараа бэлчээн ажиглангаа уг чулуун дээр суужээ. Чингээд өөрийн цэц мэргэнийг шалган зүүнтээ орших уулын нэгэн хадыг онилон байж харважухуй. Тэр харвасан онь нь Чингисийн сумны ор гэгдэх болж, суусан чулуу нь Чингисийн суудал хэмээх болжээ. Домог сөхвөөс ийм бөлгөө.
Чингис хаан Дэлхийн мянганы хүнээр тодорч, эдүгээ ч миний ядарсан Монголын нэрийн хуудас болж буй нь үнэн. Энэ нь сайн эцгийн нэрийг гурвантаа худалдана гэдэгтэй агаар нэгэн буй заа…
Их хааны алдартай уулыг уруудах үест тэнгэрийн өнгө харлан бараантаж, уурлан ундууцах хүний нүүр шиг барайн харагдаж, Чингис уул ихэмсэгээр: “Хүүхдүүд минь хаан эцгийнхээ нэрийг өргөж яваарай” гэх шиг дүнсийнэ.
Аяа их эцэг минь
Алдар хүндийн тэнгэр минь
Ард түмний зүрх минь
Агуу их түүхийн оргил минү.
Алсаас довтлох салхи хацрыг минь алгадаад өнгөрлөө. Навчис нь цас мэт хаялсаар намар авхай айлчлан иржээ. 
Их эзний минь нэрийг эзэрхсэн хэрэггүй зүйлсээс эзнээ олж нэрлэгдсэн нь энэ уул буюу хэмээн бодлоо. Намрын салхи тэрхүү хэрэггүй зүйлсийг арчин авч оддог болоосой…
Үр садыг тань Мөнх хөх тэнгэр ивээлдээ багтаах ажаамуу.

2003 он

No comments:

Post a Comment