Pages

Thursday, November 22, 2012

ӨЛЗИЙ УЧРАЛААР БҮРДСЭН ИХ ХААНЫ ЦАДИГ



Өдгөөгөөс найман зуун жилийн өмнөх түүхийг бид сөхөх дуртай. 20 жилийн өмнө л гэхэд их хаан Чингисийнхээ байгуулсан гавъяа, баатарлаг үйлийг ярих нь байтугай нэрийг нь хэлэх хориотой байсан тухай буурал эрдэмтдийн бичсэн ярьсанаас бишгүй л сонссон. Агуу түүхээрээ бахархах сэтгэлгээг минь баллуурдаж байсан тэрхүү он жилүүдэд Тэмүжин хүүгийн амьдралаас өгсүүлээд, Их богд Эзэн Чингис хаан болтол нь туулсан амьдрал, байгуулсан гавъяа, хийсэн үйл хэрэг, хэлсэн сургааль, мөнх хөх тэнгэрийн тайлагдашгүй нууц, шавхагдашгүй эрчим хүчний талаар ном бүтээхийн энгүй басхүү элэгдэшгүй хүслээр өөрийгөө хурцалж, олон жил бодож явсанаа сая нэг юм гүйцээж, ном бүтээхийн цангааг тайлж чадсан энэхүү эрхэм хүмүүний “Хөрстөд ганц Чингис хаан буюу хөх монголчуудын өлзий учрал” хэмээх Чингис хааны оюун билгийн соёрхол дор мөргөмүү. Чингис хааны маань тухай бичсэн олон зохиол бий. Мөн багагүй олон кино ч байдаг. Хэдийгээр бусад хүмүүс их хааны тухай ном зохиол олныг бичсэн ч, бусдаасаа онцгойрон тодорсон бүтээл тэр бүр харагддаггүй. Харин ном бүтээхийн гайхамшигийг амьдралынхаа туршид мэдэрч яваа буурал зохиолчийн энэ удаад бүтээсэн “Хөрстөд ганц Чингис хаан буюу хөх монголчуудын өлзий учрал” хэмээх ном болбаас хөрстөд ганц гайхамшигтай ном болж чадсан хэмээн бардам хэлмээр байна. Энэ хүн бол Хатагин овогт Г.Аким бөлгөө. Нэрт орчуулагч, сэтгүүлч, багш сурган хүмүүжүүлэгч, зохиолч гэдгээр нь ард түмэн андахгүйгээр барахгүй, Үндэсний номын сангийн захирал гэдгийг нь эрдэмтэн докторууд эндүүрэхгүй. Бас дээр нь миний багш. Хорвоо дээрх хосгүй гурван холбоосын нэг нь багш шавь хоёрынх гэдэг. Энэ номын “эцэг” багштайгаа учирсандаа, шавь гэж хэлүүлэн, басхүү бага залуу гэж гололгүй энэхүү том номоо хянуулсанд нь баахан хөөрснөө нуугаад юу хийх вэ. Аливаа зүйлийг өөр өнцгөөс нь харж сур гэдэг багш маань өөрөө өөр өнцгөөс нь хэрхэн харахын сурах бичгийг энэхүү номоороо шавь нартаа үлгэрлэсэн гэж би боддог. Өмнө Чингис хааны тухай ном бичигчдээс тэс хөндлөнгөөр сэтгэж, хэний ч өмнө нь дурьдаж байгаагүй олон зүйлийг оруулсан нь “Хөрстөд ганц Чингис хаан буюу хөх монголчуудын өлзий учрал”-ыг түүхийн сурвалж бичиг, эрдэм шинжилгээний үнэтэй бүтээл болоход нөлөөлсөн. Эх түүх гэдэг аливаа нэгний зайлшгүй мэдвэл зохих зүйлийн нэг. Гэвч үнэнийг гуйвуулсан худал, хэтэрхий давсалсан түүхийг судласнаас судлаагүй нь дээр. Хэдийгээр хэдэн зуун жилийн өмнө болсон ч хэний ч дурдаагүй, мөн хэний ч бичээгүй, баримт дээр тулгуурлан бичсэнээрээ үнэн байх магадлалтай түүхэн явдал өөрөө шинэлэг мэдээллийг уншигчид өгдөг. Багшийн маань бүтээсэн энэ ном тийм цөөн бүтээлийн эгнээг зузаатгалаа. Энэ мэтчилэн бичвээс уг сонины нүүрийг дүүргэх учир ингээд орхиё. Чухам ямар ном болоод ийнхүү бичиж байна вэ гэсэн уншигч таны хүслийг болгоож номын тухай бичсү.
 
Намар бөлгөө. Хажуу булгийн аршаанаас ховдоглон залгилахуйяа шүд хага таших ажаам. “Хөрстөд ганц Чингис хаан” буюу хөх монголчуудын өлзий учрал ингэж эхэлдэг. Цааш нь, Өгээлүн эхийг нярайлахад энэ аршаанаар цай чанаж өгсөн гэнэм. Тэмүжинг мэндлээд гурав хоноход энэ аршаанаар угаасан гэнэм…харцаа уснаас салган нүдээ нэгэнтээ шудран ийш тийшийг хараачилваас тэрүүхэн зүүн хойттой умрыг ширтэн цээжээ цогнойлгосхийгээд сунан хэвтээ дэлт чонын хивтэй Дэлүүн болдог уул сунайсхийн тодормуй…”. Ном бүтээнэ гэдэг амаргүй. Санааныхаа зоргоор зохиогоод биччихдэг яруу найраг, уран зохиолын ном бус түүхийн талаар, хойшлоод монголын ирээдүй болсон хойч үеийнхээ судлах, суралцах, уншиж ухах нэгэн ном бичихэд цаг хугацаа, явдал суудал их болсон биз. Эзэн богдынхоо тухай номон суварга босгохын учир суудал дээрээ суусаар дуусгах бус харин түүний төрж өссөн, төр улсаа байгуулсан, хаанд өргөмжлөгдөж, хатуу бэрхийг туулсан газар орон, нутаг ус, уул хадаар хэрэн хэсч явсаар магад найман зуун жилийн өмнө эзэн хааныхаа унтаж амарсан нөмөр газар, эргэцүүлэн бодож суусан энгэр газарт нь мөн тэгж явсан л байх. Газар орны байдал, түүхэн сударт бичигдсэнтэй таарч буй эсэхийг тулган шалгаж, туулж өнгөрүүлэн байж мэдсэн нь энэхүү номоо амилуулахад ихэд тус хүргэсэн биз ээ. Бурхан халдун, Дэлүүн болдог, хаан цол хүртсэн Хар зүрхний хөх нуур, найманыг ялсан Наху гун хайрхан, Ононы цэгээн нуур, Онон Хурахын билчир, Хэрлэнгийн хөдөө арал, Сэнгүр горхин, Сэргэлэн хараат уул, Есүхэй баатрын гэрийн буурь гээд л их хаантай холбоотой их ч олон газраар явж, очоогүй нутаг гараагүй уул, гатлаагүй гол туулаагүй нуур гэж алга гэмээр. Үнэн эсэхэд эргэлзэж буй бол үзэхтүн, номын сүүлийн хуудсуудыг. Өнгөт гэрэл зургууд үнэхээр энэ номыг чимэглэж, бас үнэн гэдгийг гэрчилжээ. Номыг ингэж бүтээдэг аж.
Уг номыг уншваас мэдээгүй дуулаагүй олон шинэ санаа бий. Үүнээс ихийг бус энгийнийг, хэцүүг бус хэдхэнийг дурдахад л найман зууны өмнө дэлхийн талыг нэгэн туган дор нэгтгэж, мянганы суут хүнээр тодорсон их хаан ямар хүн байсан, юу бодож ертөнцийг хэрхэн үздэг байсныг нь харуулахын дээдээр харуулжээ. Тэгэхдээ бүр өөрийнх нь айлдсан айлдал, сургасан сургааль, өрсөлдөгчийнх нь муулах гээд магтсан, Чингис хааныг үздэггүй гадаадынхны муухайчлах гээд сайханчилсан үг үсэг өгүүлбэр зэргийг нь дотоод гадаадын түүхийн судар бичгээс шүүн ариутгаж, дээр нь өөрийн бодол, эргэцүүлэл, үнэлэлт дүгнэлтийг нүдэнд харагдаж, сэтгэлд буутал зурагласан байна. Мөн Эзэн Чингис хааныг маань чухам ямар шалгуураар дэлхийн мянган жилийн суут хүнээр тодруулсныг нь эх сурвалжаас орчуулан дэлгэрэнгүй бичжээ. Үүнд: 1995 оны сүүлчээр АНУ-ын “Вашингтон пост” сонин эл мянган жилд энэ хорвоод тодорсон суутнуудыг “Хэн ертөнцийг агшаав, хэн дэлхий даяар ард түмэн, арга технологийг урагш хөдөлгөв, хэн энэ гаргийг чухамхүү хүн эзэгнэдэг болгон өөд татав” гэсэн гурван хэмнүүрээр цахим тооцоолуурт оруулан шалгаруулсанд Эзэн Богд Чингис хаан маань хорвоо ертөнцийн тэр ижилгүй суутнуудын магнайд тэргүүн илүүгээр товойгоод мянган жилийн сод хүнээр тодрон цолгорсныг сонсохдоо орчлонгийн оор мэнгэтэн бүхэн магнай тэнийж баярласаан… Чингисийг хүлэг морь унасан, хөдсөн дээл өмссөн, ган сэлэм далайсан зэрлэг бүдүүлэг нүүдэлчин овгийн тэргүүлэгч хэмээн төсөөлж дасчээ. Тийм сурталчилгаа ч хэдэн зуун жил явжээ…
Үнэндээ бид мянганы хүнээр эзэн хаанаа тодорсныг мэдэхээс биш яг ямар шалгуураар олон түмэн алдартнуудын эхэнд бичигдсэнийг нь мэддэггүй байсан бол мэдэж авлаа. Бид хааныхаа гэрээслэл айлдсан сургаалийг тэр бүр баримтлаж чадахгүй байгаа нь гашуун үнэн. Нэгэнтээ “Хойч үе биднийгээ эмээлээ гэдсэндээ авах цагт дахин төрнө” гэсэн айлдарыг нь дахин тэмдэглээд их хаанаа ертөнцөд цор ганц удаа мэндэлсэн, дахин төрөхгүй хэмээн өөрийнхөө санааг тодоос тод буулгажээ. Хил залгаа орших хоёр том гүрэнд уусалгүй тэдэнд авталгүй өдий зэрэгтэй яваа нь хэдийгээр эх бие нь хорвоод байхгүй ч гэсэн нэр алдар, айлдал сургааль нь мөнх хөх тэнгэр шигээ үлдэж чадсан суут богдын маань аяч гавъяа гэдгийг ч дурьджээ. Энэ үнээн. Уг номонд, “Тэр морьт дайчидтайгаа арвангуравдугаар зууныг донсолгож, дэлхийн хилийн зурвасыг өөрчилж, ойр хавийнхаа олон соёл иргэншлийг нэгэн шинэ дэгт оруулан, зангидсан нударгаараа феодализмийн тогтолцоог нурааж, улс үндэстний шинэ сүлжээг байгуулсан. Чингис тархай бутархай олон жижиг баймгуудын эринийг эцэслэж, тэднийг худалдаанд суурилсан дэлхийн нэгдмэл тогтолцоонд оруулан түүхэнд урьд өмнө байгаагүй нэгдмэл гүрэн болгон нэгтгэсэн билээ. Тэр хад чулуугаар бус, харин улс гүрнээр уран баримал босгосон билээ юм” гэж Америкийн монголч эрдэмтэн Ж.Ведерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номондоо бахдан өгүүлснийг нь орчуулан өөрийн номондоо оруулжээ.
Чингис бол Хөх Монголын гайхамшигт хаан мөн. Дэлхийн талыг нэгэн жолоонд оруулахын тулгын чулууг тулж, Монголын нэрийг дэлхий дахинаа мандуулсан хаан мөн. Монголчууд бид гайхамшигт хүнээ яг л байснаар нь үнэлж сурмаар. Харин хэнд ч ертөнцийг үзэх үзэл байдаг юм аа. Тэр тусмаа дэлхийн талыг цагаан сүлднийхээ дор нэгтгэсэн их хаанд ертөнцийг үзэх үзэл байлгүй яах вэ. Ертөнцийг үзэх үзэл гэж бодот ертөмций, түүн дотор хүмүүний эзлэх байр суурийг үзэх цогц үзэл, энэ үзлээр нөхцөлдсөн итгэл үнэмшил, адбиш зорилго, танин мэдэхүйн зарчмыг хэлмүй. Хүн ертөнцийг үзэх үзлээрээ дамжуулан бодот байдлыг хүлээн авдаг буюу. Их хаантан ч тийм байлаа… гэжээ.
Монголчууд гурвын тоонд дуртай. Тулгын гурван чулуу, ертөнцийн гурав, эрийн гурван наадам гээд л аливааг гурвын тоогоор төлөөлүүлэх нь элбэг ээ. Тэгвэл би энэхүү номноос шинэлэг гэсэн, гол гэсэн гурван зүйлийг та бүхэнд хүргэхээр шийдлээ.
Нэгдүгээрт: Мөнх тэнгэр, Газар эхийн эрчим хүчний солбицол болох Бурхан халдун уул. Их хаантан жирийн нэгэн цусан зүрхт, махан биет хүмүүн атал дэлхийн талыг хэрхэн нэгэн туган дор сөхрүүлж чадав аа. Зарим нэгэн нь их хааныг маань ид шидтэн, илбийн ухаантан байсан мэтээр таниулсан байх нь бий. Тэгвэл үүнийг зохиогч эрс үгүйсгэж, Чингис хаан Мөнх тэнгэр болоод Газар эхийн эрчим хүчийг мэдэрч түүнээс өөртөө шингээдэг байсан гэсэн шинэ санааг гаргажээ. Энэ үнэн байж болох талтай. Тэгвэл… Их хаантан энгийн хүний ч мэдэрч чадамгүй тэр их энергийг өөртөө шингээн авч, басхүү Мөнх тэнгэрээ шүтдэг байсан байх нь. Тэрхүү тэнгэр газрын энергийн солбицох уулзвар нь Бурхан халдун гэжээ. Эзэн богд Чингис хаан маань Бурхан халдун дээр хэдэн өдрөөр бясалгал хийж, аливаа хүнд үйлийг хийх эрч хүчийг авдаг байсан байх нь. Чингис хааныхаа тухай бидний мэддэг болсон хамгийн ойрын эх сурвалж “Монголын нууц товчоон”-д их аян дайн, үйл хэргийн өмнө Чингис хаан Бурхан халдун дээр гарч Мөнх тэнгэртээ залбирдаг байсан тухай олон баримт бий. Баримт бол үнэний гэрч. Монголд өдгөө энергийн төв хэд хэд бий гэдэг. Дорноговь аймгийн нутаг дахь Хамрын хийдийн хойхно энергийн төв гэж газар бий бөгөөд жилд хэдэн зуугаараа хүмүүс очиж өөрсдийгөө “цэнэглэдэг”. Хэрэв тэр газар хүмүүсийг “цэнэглэдэггүй” л юм бол ингэж хошуурах учиргүй баймаар. Тэгвэл Бурхан халдун дээрх тэр их эрчим хүчийг зөвхөн тэнгэр заяат Тэмүжин л мэдэрдэг байсан гэхэд хилс болохгүй. Тэнгэр газрын эрчим хүчээс өөртөө шингээж, дэлхийн талыг эрхэндээ оруулснаас бус элдвийн ид шидээр ийм агуу үйлийг бүтээгээгүй. Үүнийг өвгөн зохиолч өөрийн биеэр явж судлан үзэж батлагаажуулжээ.
Хоёрдугаарт: Их хэргийн эхлэл. “Монголын нууц товчоон”-д: “Тэмүжин нар… Хүрэлхэ доторх Хар зүрхний хөх нуурт очиж буув. Алтан, Хучир, Сачи бэхи бүрэн эетэлдэж Тэмүжинээ өгүүлрүүн: Чамайг хан болгоё. Тэмүжинийг хан болбаас … ийн ам алдаж Тэмүжинг Чингис хаан хэмээн нэрийдэж хан болгов” гэжээ. Үүнийг зохиогч бээр 1206 онд Тэмүжинд хаан цол олгосон бус харин өгсөн цолоо баталгаажуулсан хэмээн тайлжээ. Энэ бол их хааны их байлдан дагуулалтын эхлэл байлаа.
Гуравдугаарт: Төрийн сацны эрхэм гурван тал. Тэмүжин тэнд Чингис хаан цол хүртээд үнэнч сайн нөхдийнхөө дэмжлэгээр эдийн засаг, цэрэг, гадаад харилцаа гэсэн аливаа улсын гол гурван бодлогыг нэгэн дор зангидаж, энэ гурав бол төрийн сацны эрхэм гурван тал юм гэдгийг ухаарч байсныг учирлан бичжээ. Уг номдоо зохиогч учрыг улам ухаж, учгийг дэлгэрэнгүй тайлж өгсөн байна билээ.
Ямарваа зүйлд арга билиг нь таарч тохирч байвал ховор заяагдах их хувь тавилан, түүний үр дүнд гайхамшигтай бүтээл бүтэж, үйл явдал тохиодог хэмээн би боддог. Зохиогчийн ертөнцийг үзэх үзэл их хааныхтай таарч тохирсон ИХ ӨЛЗИЙ УЧРАЛ бүрдсэнээс гайхамшигт ном таны гар дээр очиж байна. Найман зууны өмнөх хөх Монголчуудад өлзий учрал тохиосноор ийнхүү дэлхий ертөнцийг донсолгож чаджээ. Магад энэ Их эзэн хаан Чингисийн билиг сургааль дахин амилж, монгол улс, хойч үеэ ивээн тэтгэхийн их үүд цэлийтэл нээгдэхийн эхлэл ч юм билүү.

No comments:

Post a Comment