Pages

Monday, July 2, 2012

Булганд үдүүлж, Мөрөнд угтуулсан хоёр дахь өдөр


Тэнгэрт одод над руу ирмээд, газар хэвтэж байгаа би өөдөөс нь хариу нүд ирмэсээр байтал “тас үсэрч” нэг мэдэхнээ өглөөн улаан нарны туяа зовхийг минь хуу татан сэрээвэй. Хэдэн ч жил гадаа ингэж унтсангүй вэ дээ. Чимээ шуугиангүй, агаар нь тунгалаг хөдөө нутгийн хөрсөн дээр унтана гэдэг ямар ч зөөлөн орноос илүүтэй амраасан мэт. Загаа найзынхаа урлаж өгсөн аяны хөнжилд даарахын зовлонгүй хонолоо. Хүний сэтгэл шингэж, хөлс нь дусалсан юм болохоор аргагүй биз ээ. Миний биеийн харьцааг /өндөр, нарийныг/ үнэхээр сайн мэдэж оёсон байх чинь юу вэ. Ингэж хэлтэл “Та хоёр хачин байгаа шүү” гээд л Өлзий маань бас хардах санаатай, муу хог чинь. Айлын эхнэр эргүүлэх увайгүй эр биш гэдгийг мэддэг болохоор найз маань наргиж хэлсэн байх оо.

Хашир хандгай чинь шөнө хувцасаа тайлалгүй хөнжилдөө шургасан маань онож. Өлзийг үүрээр нэг сэртэл нүүрэн дээр нь шүүдэр буусан байсан гэсэн. Би даанч мэдээгүй. Ер нь мэдэхийн ч аргагүй байсан юм чинь. Хэзээний толгойгоо хөнжлөөр хучаад дугжирчихдаг зантай болохоор Өлзий шиг шүүдрийн усаар нүүрээ угаах хувь дутаж л дээ, маньд.
Намайг босоход нөгөө хэд маань унтаж л байгаа бололтой. Хоолойгоо застал найз маань “ичээндээ” хөдлөв. Би ч хэзээний өглөө унтаж чаддаггүй гэмтэй учир ингэж үүрээр босч өрөөлийг сэрээсэн хэрэг. Яаж ганцаараа сэрүүн байгаад байхав дээ, амиа бодсон хэрэг болно биз дээ.
Булганы номын сангийн эрхлэгч Баярмаа эгч маань айлын эзэгтэйн хувиар эртлэн босч гал хөсөө түлж, цай хоол зэхэв. Урьд орой нь хэдэн ч шил юм хөнтөрсөн юм бэ дээ, манайхны дотор авах юмгүй байгааг Баярмаа эгч маань гярхай анзаарсан бололтой “Алтан медальтай хоол” бантан хийж өгөв. Догоо эгч маань ч биднийгээ гээд гэртээ ч харилгүй энд хоножээ. Өглөө гялс манас бантан “төхөөрч” хотоос яваа аялагчид бид айлын хэдэн хүүхэд шиг ширээ тойрч суугаад эвтэй нь аргагүй хооллов оо.

Нар зүүн айлын хашааны дээр тоглож байх үеэр Булган хотын урдах Хийморийн овоог зүглэв. Булганы номын сангийнхан биднийг үдэж өгөхөөр бараг бүгдээрээ ирчихэж. Саарал фургонтойгоо биднийг дагуулан хийморийн овоондоо аваачив.
Биднийг үдэж байна
Булганчуудын Хийморийн овоо
Одоогоос 20-иод жилийн өмнө энэ нутагт би анх хөл тавьж байлаа. Тэгэхэд манай хамаатных Архангайгаас энд шилжин ирж, Булганы онгоцны буудлын урдхан Агуйт хэмээх модтой уулын зүүн хойнотоо бууриа зассан юм. Тэгэхэд би Архангайгаас “МАЗ” машины тэвшин дээр гэр бараан дунд “шидүүлж” сэгсчүүлсээр ирж билээ. Тоонон дээрээ гараад гараа сунгахад л хүрчихмээр ойрхон мэт тийм тод, цагаан сартай шөнө. Тухайн үед бараг малчин айл болгонд байдаг өнөөх батерейгаар ажилладаг оросын хүлээн авагчаа хаана ч юм тавичихсан, түүгээр нь Со ах “Дорнын цагаан саран”-аа цангинуулж байхад бид гэрээ барьж байсан нь санаанаас гардаггүй юм. Миний гэр барих ч гэж юу байхав, томчуудын хөлд тээг бололгүй тэрэгний мухарт чимээгүй байж байвал барав байсан биз. Тэр жил манай нутагт гантай, адуу мал билчээргүйдээд яагаад ч юм ийшээ ирэх болсон байх. Түүнээс хойш энэ дууг сонсохлоор тэр орой нүдэнд үзэгддэг юм. Өвөөтэйгээ хамт явсан бараг сүүлийн амралт тэр байсан байх аа.
...Хийморийн овоон дээрээс миний хурга тугал эргүүлж явсан жижигхээн толгод, хойхно нь урсах нарийхан горхи ив ил харагдана. Агуйт уул зөндөө их араатан амьтантай байсан. Тэр жил ахыг энэ уулын бэлд хонь хариулж явтал хонь нь гэнэт хага ярагдан ямаа орилох сонстожээ. Гүйж очоод харвал том оо гэгч нь “муур” нэг ямааг нь гоочилж байсан гэдэг. Ах яахаа мэдэхгүй эргэж гэр рүүгээ давхиад буу шийдэм агсаад ирэхэд нь аль хэдийнэ арилаад өгчихсөн байсан гэдэг юм билээ. Хангай бол хаа сайгүй л байсан. Ахынх маань хонио хангайн амьтанд өргөл барьж болгож байсан болохоос хангайн амьтныг агнаж байсан тухай дуулаагүй юм байна. За тэгээд энэ ууланд баавгай, буга, гахай гээд л есөн шидийн л амьтан байсан гэдэг. Мойл, гүзээлзгэнэ, самар бол энүүхэнд нь ургадаг, баян хангай даа.
Ямар ч аймаг сумынхан хийморийн овоо босгож өөрсдөө сүслэж дээдлэх юмтай болжээ. Булганчууд ч бас аймгийн төвийнхөө баруун урдах толгой дээр суварга бүтээгээд, овоо босгож, хар сүлд залжээ. Эндээс Булган хот эрүүн доор минь л харагдана. Нарны туяанд цагаарч, манантай ч юм шиг үзэгдэнэ.
Булган хот өглөөн наранд
photo by-Bayano

Булган бусад хотуудтай харьцуулахад жижигхэн. Гурилын үйлдвэр нь багахан хүчин чадалтай ч гэсэн ажилладаг л байсан санагдана. Эмээ маань нээг их царвантай гурил зуурч хэрчээд сүүтэй гурил хийж өгдөгсөн. Тухайн үед зуны гурван сард хүүхдүүд махны бараа харна гэж байхгүй, шувтан л гурилтай сүү гөвнө. Хааяа хонь төхөөрвөл томчуудын идэж бараагүй цус, уушиг, өлөн төдийхөн олдоно. Тэрийг нь өглөөд хонинд явахдаа сүү хөөрүүлээд гүйцэд унтраагүй галын үнсэнд булаад хэсэг хүлээзнэж байгаад л шажигнатал нь зажилчихдаг байж билээ. Тос нь шүүрээд л мөн ч амттай шүү. Хоол ундгүйдээ ч юм уу, эсвэл хонио нарийлсандаа ч юм уу биднийг тэгж “чангалдаг” байсан биш юм билээ. Зуны гурван сар хэдэн хүүхдийн ходоодыг сайхан цэвэршүүлээд, одоогийнхоор бол “цагаан хоол”-тон болгоод буцаадаг байсан байх. Хотод бид хаашдаа л намраас хавар хүртэл хүссэн хүсээгүй мах иддэг байсан юм чинь.
Ард минь Агуйт уул
photo by-Ulzii

Хийморийн овоон дээрээс бид уруудаад онгоцны буудлын наахна горхины дэргэд буулаа. Ногоон ширгэн дээр хөл нүцгэн хэсэг таваргангаа эмэгтэй сүмочдынхоо энэ жилийн өнгийг шинжив. Хүүхнүүдээ ноцолдуулаад тэнгэргүй амьтад вэ гэж зэмлэж магад. Тэмээ ямаа шиг ялгаатай хэдэн эр хэн нь хэнтэйгээ барилдах вэ дээ. “Гарьд магнай“ дээр Равсал: “Энэ чулууг Далайцэрэнгээс өөр байрнаас нь  хөдөлгөх адгуус ч байхгүй” гэдэг шиг Өлзийг барах адгуус ч энэ микрод байхгүй юм чинь. Мань хүнийг Тулгаа, Тө-Тө ах хоёр л хэсэг хөдөлгөж магадгүй. Би ч хөөрхөн дүү Эрхэмээгээсээ илүү гарахгүй л амьтан доо.
Чи өөрөө барилдая гээд...
photo by-Ulzii

Булганы номын сангийнхан Баагий ахад маань их хөөрхөн нэр хайрлачихсан. Тө-Тө гэхээр “Х-Түц”-ийн чөргөр Тө Тө төсөөлөгдөж байна уу, тэгвэл тэр чинь биш за юу. Бүтнээр нь хэлвэл аймаар гүн гүнзгий утгатай, сүрдмээр нэр л дээ. Бараг Монголд ийм нэртэй хүн байхгүй гэхэд буруудахгүй. Та нар өөрөөс нь асуугаарай гайгүй. Манай ах ч монгол эр хүний ёсоор ичээд хэлэхгүй л дээ, сайн гуйвал л юу юм гэхээс. Товчилхоороо дөнгөж хэлд орж байгаа хүүхэд ямар нэг амьтныг /хурга, ишиг ч юм уу/ төлөөлүүлэн нэрлэчихсэн юм шиг санагдаад байгаа болохоос биш, Тө Тө гэхээр.
Тэнд бас яаж зүгээр байхав хэдэн шилтийг хоосолж орхив. Ер нь ч тэгээд энэ архи гээчийг зөв хэрэглэвэл зөөлөн зөөлөн замбуулин юм байна билээ дээ. Хожим нь л би ухаарсан шүү. Их ч юмаа зольж байж ухаарсан лүд дээ.
Монголын анхдагчдын өлгий гэдгээрээ Булганчууд жаахан хамраа сөхөх аястай. Хүн нутаг нугаараа бахархах нь зүйн хэрэг л дээ. Дан ялангуяа монголын анхны сансрын нисгэгч, монголоос төрсөн анхны олимпийн аварга гээд л дурьдахаас аргагүй хүмүүс энэ нутгийнх. Тэдний энэ омгийг нь дарчих байх гэж хүүхнүүддээ их л найдсан юмсан. Бүр үсэрч цовхчоод орилж хашигчаад ч тусыг эс олов. Анхдагчдын өлгий нутгийн аатай хүүхнийг аваад шидчих авхаалжтай бүсгүй манай микроноос гарсангүй. Голын ногоон ширгийг зулгартал барилдаад, уусан юм нь уурших мэт алга болчихсон бололтой. Дахиж нэг шил юм хашраана гээд хэн нь ч тэглээ дээ. Ер нь энэ зун хэдэн бүсгүйгээ сайн тордож, дасгалжуулж аваад ирэх жил Булган аймгийг дайлаар мордвол яасын. Манай номын санд бөхийн удам байхгүшй ч бөх байхаар хүүхнүүд олон бий биз дээ. Дарга нар нэгийг бас бодоорой. Байнд нь гайгүй юм тавиад барилдуулбал ч...
 Манай Сараа нутгийн бөхөд уначихаад Далайцэрэн шиг “Бямбаа эгч ээ, миний бяр дуусчээ” гээд газар ухаад сууж байсан юм даа.
Булганыхан биднийг зорьсон газар руу минь явуулахгүй байх санаатай. Энд хэд хоног амарч байгаад буц л даа гэж байна. Дараа ирье л гэлээ. Энэ үг хэнд ч хэлсэн үнэ цэнээ хэдийнэ алдчихсан гэдгийг мэдэж байсан ч үүнээс өөр хэлэх үг бидэнд олдсонгүй.
Ингээд бид цааш хөдөллөө. Булганаас цааш 100 орчим км-т засмал зам тавьжээ. Замын ажил үргэлжилж л байна билээ. Нэг байгалийн шороон замаар давхиад л, нэг сайжруулсан шороон замаар ороод л. Манай жолооч, туслах жолооч хоёр ч замыг бол ёстой нэг сонгож байгаа юм аа. Дотор нь унтаж яваа биднийхээ ая тухыг бодоод аль аятай сайхнаар нь явах гэж хичээсэн шүү. Мориор зүйрлэвэл хондлой дээр нь аягатай айраг тавихад асгалгүй жороолдог морь байдаг гэдэг шиг, энхэл донхолтой хөдөөгийн энэ замаар дотор нь суугаа хүмүүс аягатай архи уухад дуслыг ч цалгиахгүй давхидаг жолооч гэвэл Баагий ахыгаа л хэлнэ.
Бид бараг эрчээрээ давхисаар байгаад нэгэн голын хөвөөнөө ирэв. За энд ямар үйл явдал өрнөснийг хэлэх хүн байхгүй байх аа. Сайхан сэрүүцэж байгаад л хөдөлсөн гэж бичих үү дээ, манайхаан. Тэнд юу болсныг тэнгэр л мэднэ. Юутай ч би хангай дэлхийдээ өргөх ёстой “өргөл барьцаа” өргөчихсөн.
Их уул
photo by-Ulzii
Хурын үүлс тойроод л
photo by-Ulzii

Тэгснээ гэнэт нар гараад л
photo by-Ulzii

Багийн гишүүдээ танилцуулаагүй юм байна шүү дээ.
Бямбаа эгч: Омгийн их удирдагч. /Гэхдээ манай микрод эхийн эрхт ёс давамгайлаагүй. 5 эр хүн хүчтэй цөөнх байж чадсан шүү/,
Сараа эгч: Манай багийн хөгжөөгч. Сараа эгчтэй замд явахад уйдна гэж гонж.
Баагий ах: Тэр микро доторх 10 гаруй амийг дааж явсан Онц тээвэрчин, Тө-Тө ах.
Өлзий: “Онц тээвэрчин”-ий “Сайн туслах жолооч”, чиглүүлэгч, Нойр сэргээгч гэж нэрлэхэд ч буруудахгүй.
Тулгаа: Манай багийн “Алтан гургалдай”, анд маань дуулна гэж үзүүлнэ шүү дээ. Микроны муушигны хошой аварга.
Цогоо эгч: Цөөхөн хоногт ч гэсэн манай багийн санхүүгийн албаны дарга албан тушаалтай явсан. Ер нь энэ хүнтэй сайхан харьцахгүй бол микрогоо түрээд GO TO HOME болж мэднэ.
Гүнжээ: Санхүүгийн албаны дэд дарга. Жаахан хичээсэн бол Булганы номын санч хүүхнийг бохируулж мэдэх л байсан, гамгүй сүмоч.
Сараа: Микро маань дотроо бас зэрэглэлтэй, урд, хойшоо харагсад, дунд, хоймрынх гэж. Унааныхаа хойморт нь л яваад байх сонирхолтой. Тэр местээ тийм ч амар алдахгүй.
Туяа: Хойморт тухласан суудлаасаа босолгүй бараг 7 хоног явсаар байгаад л ирсэн, суудалдаа үнэнч бүсгүй. Хоймор хэсгийнхэн үгээ мартсан дуучин, шаварт суусан машин хоёрыг бол өргөөд л аваад гарчихна. Ямар ч шаварт суусан манай машин эднийг ЧҮҮ !!! гэхэд л гарчихдаг юм. Тэгэхээр яалт ч үгүй хэрэгтэй хүмүүс.
Зулаа: Яван чангардаг бүсгүй. “Мэргэжлийн зураг алаач” өргөмжлөлтэй. Сараагийн зургийг хараарай, санаатайгаар нь ард нь суусан байгаа.
Эрхэмээ: Манай багийн эрх танхи гишүүн. Хөлбөмбөгийн гайхамшгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлнэ. Хөлбөмбөгийн бурхан тэнгэртэй найзалж мэдэх сэргэлэн дүү. Том эр ээ бас. “Ном унших”-аас бусдыг бол ярина аа ярина.
Би: Микроны хаана л бол хаана сууж явж чадна. Аливаад дасан зохицохдоо сайн ч амархан мууддаг гэмтэй. Дуу хууранд маруухан. Инээвэл инээнэ, ханиавал ханиана.
Хөвсгөлийн төв номын сан
photo by-Ulzii

Сэдэвчилсэн үзэсгэлэн байнга болдог гэнэ
photo by-Ulzii

Бидний хэдэн нөхөд Хөвсгөлийн Мөрөнд оройн 8 цагийн үед ирж, сая нэг юм машиныхаа моторыг унтраав. Хөвсгөлийн номын сангаар зочилж, Үндэсний номын санд дээхнэ үед ажиллаж байсан хоёр ахмад ажилтан буурайтай уулзаж дайлуулж цайлуулсаар оройхон хэрд буудалдаа ирцгээв. Бид Хөвсгөлийн номын сангийн эрхлэгч Оюунтуяа эгчийнхээ гэр бүлийн бизнес болох “Хөвсгөл Монтрэйвэл”-ийн зочид буудалд тухалж авлаа. Эдний буудал үнэхээр тохилог аятайхан санагдсан шүү.
Мөрөн бороотой байлаа. Гэвч энэ хамаагүй, оройхон дискотой.

Мөрөн хот

2012.06.21

Sunday, July 1, 2012

Өглөө шиг эх орныхоо хоймор өөд

"Ардын элч" Явуулын номын сан гэсэн шошготой микроавтобус 06-р сарын 20-ны өглөө Үндэсний номын сангийн үүднээс тэр өдрийнхөө харуул Түмэнбаатар хэмээх өндөр халзан нөхрөөр үдүүлж, дөрвөн дугуйгаа "Өглөө" сүүгээр мялаалгаад, Засгийн газрын ордны баруунтаагаар хойш хөдөллөө. Энд зорчиж яваа хүмүүс шагналаа хүртэж, сүүлийн үед Далай ээж гэхээсээ илүүтэй Хөх сувд хэмээгдэх болсон Хөвсгөл далайг үзэхээр зорьж буй нь энэ ээ. Нар ээсэн сайхан өдөр. Монгол хүн аливааг эерэгээр харж, зөөллөж боддог хойно энэ өглөө нэг нь ч цагаасаа хожимдсонгүй. Олон жил ном судар хэмээгч ариун эдтэй ажил амьдралаа холбосон хүмүүс ч муухан ламхайгаас дээр болчихсон байдаг бололтой юм. Яг л хэлж, хэлсэн нь яг л онох жишээний. Биднийгээ хомаандалж, "атгаж" яваа дарга аниа нар /Бямбаа эгч, Сараа эгч/ маань сайн цагт хөдөлсүгэй хэмээн лүндэгнэсэн болохоор ийн хөдөлж яваа юм аа. Бид аялалын /салаа гэх үү, бригад гэх үү, хамтлаг гэх үү, баг гэх үү манайхаан энэ хэсгийг уншчихаад нэгийг нь сонгож ирүүлээрэй/ ..........................-таа хоёр ч чухал хүнийг авах ёстой. Ингээд бидний хөл толгой бүрдээд 22-ын товчоогоор шуугиулж гарлаа. Дуутай хууртай, наадам наргиатай. Гангар шаазан хагартал инээнэ гэдэг шиг, ганган микрог задартал инээсээр л явлаа даа гэж.
Түмээ ах маань монгол ёсоор биднийгээ үдэв
ФОТОГ - БАЯРТУЯА
Яг хаана байдгийг нь мартчихаж. Нэгэн том овооны дэргэд дөрөө мулталж, аяны алтан зам, аялалын сайн сайхныг даатган сэржим өргөөд, нэг шил юмны "голыг нь харлуулав". Гэрэл зураг авуураар хотоос дөнгөж гарч буй хүмүүсийн байр байдал ийм байна долоо хоногийн дараа ямар болсон байхыг харьцуулахаар баахан зураг дарсан ч буцаж явах үеийнхээ зургийг даруулахыг бүгд нэгэн зэрэг бүр санаатайгаар мартчихсан байна лээ шүү. Арга ч үгүй дээ, хүн болгон өөрсдийгөө ямархуу төрхтэй болоод ирснийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа болохоор энд бичиж олонд зарлаад юүхэв.
Хэдэн аймгаар хур тараасан даа
ФОТОГ - Я
Эрдэнэт хүртэл аажуу тайвуу адгаж, адлалгүйгээр явлаа. Жолооч ахыгаа энэ далимд магтахгүй бол гомдоно, хөөрхий. Хойно энэ хүний тухай жичэд нь өгүүлэх / уг нь нэг бүлэг болгоод бичихэд багадахгүй хүн юм байгаан. Хүнийг өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр алдаршуулна гэдэг нүгэл болно/ учир чимххэн өгүүлсү. Энэ олон /12/ хүний эд эрхтэний дотоод асуудалд тохируулж явна гэдэг багагүй тэвчээр. Хэн нэгэн нь хүндэрч, хэн нэгэн нь хөнгөрмөөр ч байсан байх. Зогсоорой л гэнэ, хөгжмөө чангал, сулла л гэнэ. Тэр болгонд нь зочид буудлын хүлээн авагч хүүхэн шиг худлаа ярзайж хүлээн аваагүй ч бас нийтийн унааны тасалбар түгээгч шиг ярвайж ярзганаагүйд нь Батаа ахыгаа магтая. 

Ногоон ширдэгээ өнгийн цэцэгсээр чимэглэжээ
ФОТОГ - Я

Тэнгэр эцэг, Газар ижий хоёр нэг л өдөр энэ газарт тухлаж байгаад л наргиж жаргахдаа бэлтгэж байгаа бололтой тал, уулсаар нэг ногоон ширдэг дэвсээд, энд тэнд нь өнгө өнгийн цэцэгсээр чимэглэжээ. Хурмаст хур бороогоо харамгүй хайрлаж, газар дэлхий аль байдгаараа дэлэгнээд нэг бодлын хоорондоо уралдаад ч байгаа юм уу гэмээр. Тэнгэр нь үүлсээ угалзлаад, Газар нь цэцгээ хээлээд л. Энэ орчлон тэр чигээрээ хээ угалз болчихож.

Хур борооны үүлс биднийгээ тойроод л хөвөх юм. Угаасан даавуу сэгсэрхээр усны харагдамгүй ширхэг цацардаг шиг тийм өчүүхэн дуслууд машины маань цонхыг маажна. Эрдэнэтэд бид хур дагуулж очлоо. Өмнө нь бороо сүйдтэй ороогүй байсан гэх. Зарим нэгнийг маань найз нөхөд нь тэсэн ядан хүлээж буй бололтой байн байн утас нь хангинаастай. Өлсөж цангасан амьтас, идэш уушны газар хайж хэсэг явав. Ашгүй Тулгаа Туяа хоёрын маань найз ягаан машинтайгаа давхин ирж нэгэн хоолны газарт дагуулан очоод золтой л нийлчихээгүй байсан архангай, өвөрхангай хоёрыг маань зааглах жижигхээн "горхи" урсгаадхав. 

Эрдэнэт хотод ажил амьдрал өрнөдгөөрөө өрнөнө. Монгол улсын саалийн үнээ л гэнэ, их бүтээн байгуулалтын үр дүн л гэнэ. Монголчууд энэ хотыг саасан нь үнээн. Гэхдээ биднээс илүүтэй орос ах нар маань л саасан байх. Тэд өрмийг нь авч, бид хусмыг нь хүртсээр хэдэн жилийн өмнөөс л өрмөнд нь хошуу хүрэх болсон юмдаг уу даа. Эрдэнэт үнэхээр нам гүм, цэвэрхэн хот. Энд надад таних нэгэн байхгүй ч энд ирэхдээ би дуртай. 
Өнөөх л сонгуулийн сурталчилгаа. Биднийг Эрдэнэт хотын хил хүртэл гаргаж өгсөн нэг нөхөр маань /уучлаарай Хэн ээ? нэрийг нь мартчихаж/: "Бараг л гэрт чинь өргөөд оруулаад өгье гэх нь холгүй юм болж байна. Эд угаасаа л ингэдэг шүү дээ, дараа нь мануусыгаа мартчихдаг улс" гэж "гоморхов". Үнэн л үг. 

Биднийг үдэж өгнө гэсээр амьдаа маань Эрдэнэт хотын хилийн дээс хүрэв. Баянаагийн эхнэр нь манай хоёртой хойно хамт сурч байсан гэнэ. Олоон жил уулзаагүй болоод ч тэгсэн үү хоёр бүсгүй хүн уулзаад нулимс мэлмэрүүлэв. Бүсгүй хүн энэ хорвоог уяхан болгодог гэдэг батлагдсан үнэн. Тэд л энэ гүжирмэг хорвоогийн аяыг олж, амьдралыг аз жаргалтай болгодог бус уу. Дан эрчүүдээр хорвоо дэлхий дүүрчихвэл ямар байхсан бол төсөөлөхөд ч аймаар. Баянаагийн маань эхнэр амаржих дөхжээ. Найзуудыгаа хүндэтгээд бие давхар мөртлөө үдэж өгөхөөр ирэв. Эднийх удахгүй нийслэл рүү ирэх гэнэ. Жүжигчин амьдаа маань мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй, бас ч гэж уран бүтээлч хүн учир шинийг эрэлхийлэхээр тэмүүлэх нь аргагүй. Хотын утаа униар, дуу шуунаас залхсан мань мэтийн хувьд хөдөөгийн хот суурингууд жаргалын орон шиг л санагдах болж. Гэхдээ мань хүн нутагтаа эргэж ирнэ гэж байсан. Тэр ч мэдээж. Нэлээд хэдэн удаа уулзаад ч сэтгэлд дүр нь орж ирдэггүй хүн гэж байхад нэг л удаа уулзсан мөртлөө хэзээд мартагдамгүй найз нөхөр болдог тийм хүн бас байх юм. Амьдаагийнхаа гэр бүлд аз жаргал хүсч, уран бүтээлийн онгод чинь үргэлж хөглөж, ялгуусан Янжинлхам бурхан чамайг тасралтгүй ивээж байх болтугай. 
Хүнийг найз нөхдөөр нь илүүтэй танидаг гэдэг шиг найз нөхдийн нандин холбоог мэдрүүлсэн Тулгаа, Туяа хоёртоо ч мөн талархая.
Амьдаагаараа үдүүлж байна аа
ФОТОГ - Я

Бид Эрдэнэтээс Булган хүртэл дуутай шуутайхан давхисаар явж орлоо. "Голыг нь харлуулж" орхисон хэдэн шилтэй идээ маань горыг нь мэдрүүлээд өгье гэх шиг ходоод халуу оргиулна.               
              Аманд орохдоо алтан шумуул мэт 
              Амнаас гарахдаа арслан заан боссон мэт  хэмээн "Чингисийн есөн өрлөгтэй Өнчин хүүгийн цэцэлсэн шастир"-т өгүүлсэн нь буй. Зам зуур амнаасаа арслан заан боссон мэт үйлдэл бүү гаргаасай хэмээн залбирлаа.
Булган аймгийн Төв номын санд буудаллав. Номын сангийн эрхлэгч нь бидэндээ шинэ шөл уулгах гээд усан борооноор хөдөө айл руу хонинд явжээ. Хөдөөгийнхний эвдрээгүй зан гэдэг үнэхээр сайхан. Хэдхэн жилийн өмнө хот хөдөөгүй л хүмүүсийн сэтгэл ийм байсан, одоо ямар болсон билээ дээ гэж бодохоор харамсмаар. Цай цүй ууж, номын сангийнх нь үйл ажиллагаатай танилцаад хоорондоо элдвийн наргиан өрнүүлж суутал номын сангийн эрхлэгч Баярмаа эгч маань давхиад ирлээ. За удаан хүлээв үү, та нар ч манай нутагт хур дагуулаад ирдэг   хүмүүс юм аа гээд л хэзээний наргианч, дуутай шуутай хүн нь мэдэгдэв. Бид ч Баярмаа эгчийнхээ гэррүү нь микрогоо зүглүүллээ. Оройжин хуучлах нь хуучилж, тоглох нь тоглож суусаар хонины шинэ шөл ууж, хорхог идэж авлаа. Энд тохиосон элдэв эзэнтэй онигоо, наргиан зөвхөн бидний дунд үлдэнэ гэж ам шүд алдацгаасан болохоор хулхинд буу тулгасан ч Цогоо эгчийнхээ онигоог хэлэхгүй юм хуна. 
Шөнө тэнгэр сав саруул. Одод хэнээс ч юм ичингүйрээд энд тэнд нэг далд орж, нэг ил гарч анивчаад л. Анд найз Өлзийгийнхөө хамт саруулхан тэнгэрийн дор гадаа унтахаар хэвтэж буй нь энэ. Эр хүний жаргал эзгүй хээр ээ гэж. 
Өлзий гэснээс, найз маань микроны бөгсөнд бус цээжинд суудаг месттэй хүн дээ. Машины эд эрхтэн юу нь болохгүй байгааг дуугаар нь л мэдчихдэг зайтай эр. "Онц тээвэрчин"-ий "Сайн туслах" цол өгүүштэй. Машинаа, мануусийгаа гээд л зүтгээд явсан хүн. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэсэн философитой нөхөр. Зам зуур юу ч ярина. Жолоочийн дэргэд бид хоёр суучихсан байхад уу, ам хамхилгүй яваад хаа ч хүрч мэднэ шүү дээ. За за "Тунгалаг тамир" киноны өнөөх хоёр жаал шиг хадуурах шинжтэй. Өлзийгийнхөө буяныг энэ цөөн хоногийн хугацаанд хангалттай л хүртсэн дээ. Өлзийгийн маань өлзий буян нь дэлгэрч яваг ээ.
Өглөө шиг эх орныхоо хоймор өөд аялаж яваа бидний эхний өдөр ингэж жаргав.

2012.06.20 
Булган аймаг, 
Баярмаа эгчийн хашаанд, 
Гэрийн буурин дээр
Аяны хөнжил дотор

/Хүмүүс аливаа зүйлсийг бичиж тэмдэглэсэн газраа дурьддаг юм билээ. Би ч бас олныхоо жишгийг дагалаа гэж/