Pages

Sunday, January 29, 2012

ХУУЧНЫ ЭЛЭГЛЭЛҮҮД

Одоогоос зургаан жилийн өмнө юмдаг, сэтгүүлчээр ажиллаж байхдаа "Үндэстний бөх" сэтгүүл, "Өнөөгийн төрх" сонинд элэглэл маягтай зүйл хэдийг бичиж байсан юм. Цаг үеийн шаардлагаар гэх үү, дээрээс өгсөн үүрэг даалгавараар гэх үү. 
Ямартай ч устаж алга болоогүй байна, тэгэхээр нь тэр үед уншиж амжаагүй хүмүүстээ зориулаад блогтоо нийтлье гэж шийдлээ. Цаг хугацааны хувьд 6 жилийн өмнөх гэдгийг дахин сануулья. Яг тэр хэвээр нь нийтэлж байгаа юм шүү.


МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР 
ДАРХАН АВАРГА Х.БАЯНМӨНХ

Аав ээжээс хайрласан нэр Баянмөнх
Ачит төрөөс өргөмжилсөн цол Дархан аварга
Авгайлж дуудуулдаг нэр маань Баянаа л юмсан
Алиалж тоглох хүмүүс “Хар аварга” гэх юм
     Нас хэвийж бие жижгэрээд хэрэг алга
     Наадамд зодоглох бяр дууссаных уу “буруу хойшоо”
     Ногоон дэвжээнд гишгэлгүй таван наадам үдсэн ч
     Нойрондоо хаяж л явна, зодог тайлаагүй шүү
Цагийг эзлэн явсан үе бий, хүмүүс мэднэ ээ
Цаашлаад дэлхийд дуурсагдах алдрыг  мартаагүй биз
Наадам бүрийн түрүүг өөрийн болгож явсан би чинь
Найрын хойморт заларч, насны намбаа эдэлж л сууна даа
     Бөхийн удмаа таслахгүй гэж хүү, хүргэнээ нэлээд шахлаа
     Бүр сүүлдээ ач, зээгээ, адаг сүүлд Шонхорынхныг ирлэж сууна
     Эр бяраар наадмын дэвжээг хотойлгож явсан цаг хэвийсэн ч
     Эрмэг хурдны шандсыг сорьж уяа тааруулнаа, чүчү-ү хош . . .


 

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР
ДАРХАН АВАРГА Ж.МӨНХБАТ
Бөх барилдана гэдэг чинь
Бух мөргөлдөхөөс тэс өөр
Гараараа дэвж, суйлж явсан надад
Хөлөөрөө дэвж сумодох нэг л ойлгогддоггүй юм
      Боорцогны оронд давс цацсан
      Боодогны агь шиг жижигхэн тойрогт
      Толгойгоороо биш гэдсээрээ барилдах
      Тоогүй энэ барилдаанд
Дархан мэхээрээ үзвэл
Дажгүй амжилт гаргана гэж
Цаад Хакуход чинь зөндөө л хэлсэн
Цаанаа өөрийг төлөвлөчихдөг бололтой
     Наран улсын энэ наадаанд
     Намайг хэрвээ зодоглуулах бол
     Нас хэвийж, намба суулаа гэлгүй
     Суйлж тонгороод сумод нэг хүчээ сорихсон.
          


МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР
ДАРХАН АВАРГА Д.ЦЭРЭНТОГТОХ
Хотол түмэндээ би дархан аварга
Хоч минь гэвэл хар аварга
Дэвжээн дээр харин
Дэнж хотолзуулж наадна
    Нас залуу байсан бол
    Наран улсыг зориод
    Сумо бөхийн дэвжээг
    Суйлах мэхээрээ эзэгнэх байв
Урлагт муугүй дор хаяж дэмбээдчихнэ
Улс төр ч сонирхоно, шатар ч тоглочихно
Төрийнхөө далбааг гадаадад
Далаад удаа өргүүлсэн дээ
    Монголчууд сумод одтой
    Магад Ёкозүна ч болох юм бил үү
    Өврийн хангайхан бяртай
    Өөрөө ч би харих болоогүй.

Эцэст нь гэж хэлэхэд улс төрчдийн ч бяцхан элэглэлүүд бий нь бий. Гэхдээ шүүмжлэлээс илүүтэй магтаал нь их /албан шаардлагаар/ болохоор нийтлэхийг хүссэнгүй. Та бүхэн хэрэв хүсвэл нийтлэж болох л юм.

No comments:

Post a Comment