Pages

Tuesday, September 20, 2011

АНХНЫ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ


Сургалтын төв
Далай

өрөөнөөс далай ингэж харагддаг


далайн эрэг

даланг ингэж хийжээ
гоё шүү

бүрхэг өдөр нэг иймэрхүү





цайны газар
хоолны сонголтууд

цайны газрын хаалга



эндээс тавиураа аваад дугаарлана

хоолны танхим

миний өрөөний ширээ
өрөөний байдал
хичээлээ хийж байна аа гэж
Шөнөдөө нэн бүгчим хонов. Угаасаа л ийм цаг агаартай нутаг юм. Өрөөндөө ямар азаар агааржуулагчтай юм бэ гэж баярлаж байна. Өглөө 05.00 цаг өнгөрөөд л хар нүд хуу татав. 09.00 цагт HALL гэх өрөөнд уулзалттай гэсэн болохоор тэр үү ердөөсөө хоцорчих юм шиг санаа зовоод. Өглөөдөө бороо орох нь уу гэмээр бүрхэг юм. Баруун урд гүүр, түүнээс цааш захгүй далай үргэлжилнэ. Урагш харсан цонхтой, хөөрхөн жижигхэн өрөө. Урьд орой харанхуйд ирсэн болохоор аль нь баруун зүг, аль нь зүүн зүг болохыг ч олигтой анзаараагүй юм. 07.30 цагт өглөөний цайндаа орлоо. Доош 3-р давхар руу бууж, тэндээ хаалгаар орохдоо өнөө өрөөний хаалгаа онгойлгосон картаа уншуулав. Ойлгож ядах дүрэм энд алга, бүгд хялбархан. Энэхүү картаар ямар их зүйл амжуулж болохыг би төсөөлж бараагүй юм билээ шүү. Өглөө босоод олигтой хоол иддэггүй болохоор энд 3 хэсэг жижигхэн тахианы мах авч идээд, араас нь жимсний шүүс уулаа. Хар кофе байсан ч өдрийн хоолоороо ууя гэж шийдлээ.
Заасан цагт нь HALL-д орлоо. Том оо хурлын заал байна. Гурван эгнээгээр нэлээд хэдэн ширээ засчээ. Голын эгнээний урдаасаа хоёрдахьд нь миний ширээ гэж зааж өглөө. Яваад очвол ширээн дээр нь миний нэр, эх орны минь нэрийг биччихэж. Хэдэн төрлийн хавтастай бичиг баримт өржээ. Энгэртээ зүүх миний болон улсын нэр, хичээлийн хуваарь, гэрээний төсөл, төлбөрийн карт, групп болгон хуваасан нэрсийн жагсаалт зэргүүд байна. Эргүүлж тойруулан, сонжиж суутал зузаан ул тавиулаад үсээ хусуулчихсан мэт толгойтой, намхан эр /албархуу байхаас аль болох дөлдөг бололтой/ индэр дээр зогсохоос залхсан уу, гадуур хүрмээ тайлж, ханцуйгаа бараг мөрөндөө тултал шамлангуутаа дуу цацруулагч барин өөрийгөө танилцууллаа. Үнэнийг хэлэхэд яриаг нь 100 хувь ойлгосон гэж хэлэхгүй. Гэхдээ өм цөм ойлгосон шүү. Энэ эрийн яриа ер нь л хөгжилтэй. Мань эр энэ сургалтын төвийн голлох хүмүүсийн нэг бололтой. Угаасаа энд ирэгсэдтэй бүгдтэй нь цахим шуудангаар харилцаж, тодруулга, асуултанд шантралгүй хариулж байсан хүн гэдгийг нь нэрээр нь би мэдсэн. Бидэнд 2 сарын хугацаанд хичээл заах багш нарыг нэг нэгээр нь дуудаж танилцуулсны эцэст бидний ээлж ирэв. 1 хүнд 15 секунд оногдсон болхоор олон юм ярьсангүй, товчхон товчхон яриад л дууссан. 32 хүн ирэх ёстой байсан ч нэг канад иргэн хүндэтгэх шалтгаанаар ирээгүй юм билээ. Ангийнхаа нөхдийн нэрсийг тогтоож авч хараахан чадаагүй. Цаана нь чилийсэн 2 сар байна шүү дээ. Энэ чинь анхны өдөр шүү дээ. Дараагаар нь тэрээр бидний өмнө буй карт, гэрээ энэ тэр ямар учиртайг тайлбарлав. ICOCA нэртэй картаар хэд хэдэн дэлгүүр, метро, супермаркетаар үйлчлүүлж болно гэнэ. Уг байгууллагатайгаа бяцхан гэрээ байгуулав. Элдэв хууль бус үйлдэл хийхгүй, хэрэг түвэг тарихгүй, харлаж харсан зүгтээ шилрэхгүй гэж. Тэрхүү уулзалтаас тараад биднийг чөлөөтэй “бэлчиж” болно гэв. Ингэж явтал 12.00 цаг болж өдрийн хоол идэхээр болов. Үдон шөл, хар кофетой авлаа. Үнэ нь ердөө 380 иен. Кофе үнэгүй. Хоолны газрын үйлчилгээ дажгүй хурдан. Ихэнх хоолыг бидний нүдэн дээр “төхөөрнө”. Нийт 18 давхар байрны 7 дугаарт нь дан эрчүүд төвхнөжээ. Өдрийн хоолны үеэр группийнхээ 2 польш залуутай танилцав.
Өдрийн хоолны дараа биднийг өнөөх танхимд цуглуулж бяцхан сорил авав. Эндээс явуулсан шалгалтын материалтайгаа бидний япон хэлний мэдлэг хэрхэн таарч буйг шалгаж байгаа ухаантай гэж би бодлоо. Ханз, яриа хоёрт нь эргэлзсэн ч, дүрэмдээ би итгэлтэй байлаа.
Мануусыг 3 хэсэг болгон хувааж сургалтын төвтэй танилцуулах бяцхан аялал хийцгээв. Тэр өдөр цаг агаар халуун байсан учир богино цамц, богино өмдтэй углааштай л “давхилаа”. Миний хувийн дугаар 10 байсныг нь 3 хэсэг болгон хуваахад л мэдэв. Юу болсон гэхээр 10 дугаартай Баянаа гэснээ мань хөтөч тачигнатал инээв. Уйлсныг бүү асуу инээснийг асуу гэдэг биз дээ. Асуувал би өөрөө 10 дугаартай /Чехийн шигшээ багийн хөлбөмбөгчин Росицкийн/ богино цамц өмссөн байж л дээ. Хэн мэдэхэв дээ. Нэрийг маань бүтнээр нь бус хочоор дуудна билээ. Эндээс явахдаа тэр талаарх мэдүүлгээ илгээсэн болохоор арга ч үгүй юм даа. Японоор миний нэрийг бүтнээр хэлэх нь яршигтай. Энэ явдал тэнд цугласан ангийнхныгаа гайхуулсан эхний явдал байсийм.
Бидэнд өгсөн тэр карт ямар “ид шидтэй” болохыг тайлбарлаж гарав. Нэгдүгээр давхарт цахилгаан шатанд суухын өмнө уншуулна, өрөөгөө онгойлгоно, цайны газар руу орохдоо уншуулна, орж хоолоо захиалаад худалдагчид нь өгч, кассанд уншуулж, хариуд нь тасалбараа авна. Хаявал гадаа хонох юм байна л гэж ойлголоо.
Энд ирсэн хүмүүсийн ихэнх нь оюутан ажээ. Индонезоос 5 хүн ирсэн нь хамгийн олон нь бололтой. БНХАУ-аас мөн 5 хүн. Гэхдээ тэд өөр өөр газраас иржээ. Шанхай, Бээжин, Хонгконг гээд л. Аялалд явахдаа 1-р давхарт байх нэвтрэх хэсэг дээр очоод картаа цүнхнээсээ гаргах гэж мунгинасаар байтал манайхан түрүүлээд цахилгаан шатандаа суун хөдлөх гэж байв. Сандарсан гэж жигтэйхэн, хүүхнүүд нь инээлдээд, яасан бүтэлгүй нөхөр вэ л гэж байгаа аятай. Нэг хүүхэн ирж намайг гаргах гэж оролдсон ч нэвтрүүлэх хаалга чанга чарлаад хавьтуулсангүй. Бараг эвдэх нь холгүй дээгүүр нь харайгаад л гарчихлаа.
Одоо сургалтын төвийнхөө байр байдлыг товчхон танилцуулъя.
1 давхарт жижиг мухлаг /ном дэвтэрээс өгсүүлээд шуудан илгээх цэг, ойр зуурын гоймон, амттан, бэлэг дурсгалын зүйлстэй/, хүлээн авагч, дугуй олгох цэг зэргүүд байна.
2 давхарт наад ханаар нь номын тавиур, голоор нь хэдэн компьютер өрсөн хичээл давтах танхимтай.
3 давхарт цайны газар, караоке өрөө /хожим нь энэ өрөөтэй бүр дотно танилцацгаасан/, бялдаржуулах өрөөтэй юм.
Аялалын дараа HALL руу орж, Осакагаар хэрхэн аялах, хаана нь юу юу байдаг талаарх богино танилцуулга сонсов. Осака бол японы хоёр дахь том хот юм гэнэ. Маш олон гадны хүмүүс амьдардагийн ихэнх нь солонгос, хятадууд. Алдартай хоол нь такояки /наймаалжны махтай, бөөрөнхий эд/, окономияки. 18 сая хүн амтай. Миний байрлаж буй газар Осакагийн баруун хэсэгт багтана. Хот гэхэд дэндүү том ажээ. Соёлын шок гэгч нь одоо ч арилахгүй байна. Танилцуулгаас тараад тус тусын өрөө рүүгээ явцгаав. Замаараа мухлагаас 0,5-ын харандаа запастай нь, балруул авлаа. Гарч ойр орчинтойгоо танилцлаа. Далайн эрэг дээр очиж хэдэн зураг гар утсаараа дараад ирэв. Мобиком гадаадад гар утастайгаа гэж сүржин нэртэй хоосон сурталчилгаагаа цацахаа боливол дээр юм даа гэж. Хаана байна тэр сүлжээ чинь. Миний гар утас зүгээр л аппаратны үүрэг гүйцэтгэсэн, өөр юу ч биш.
Далайн давалгаа нэгэн хэмээр бетонон даланг алгадана. Хагалж дийлэхгүйдээ хорсон цагаан хөөс тэнгэр өөд цацалснаа эргээд л намжина. Тээр цаанаас дахин хүчээ хуримтлуулсаар ууртай нь аргагүй шуугин ирээд дахиад л алгадна. Далайн ус, энэ эрэг хоёр өдөрт хэдэн мянган удаа ингэж занчилддаг бол. Бурхан л мэдэх байх даа.
Уртаа уургатай загасчид, далайн уснаас бараг 10 метрийн өндөртэй энэ далангийн дээр тухлан сууна. Барьж буй загас нь хариугүй жижигхэн. Япончуудын хоол хүнсний гол хэсэг нь загас болохоор том жижиг гэж ялгах эрхгүй байдаг байх. Галт од /нарыг хэлэв/ өөрийнхөө илчинд өөрөө халууцахдаа хурдхан шиг хөлгүй далайд шумбая гэж бодож л дээ. Баруунтаа алгуур доошилно. Гялтгасан туяа нь гэрэлт могой адил усан дээр нэг тэнийж, нэг мушгирна. Далайн хөвөө тэрхүү могойг живүүлэх гэсэн мэт энд тэндээс нь чимхэж нэг, бас гуядаж нэг үзнэ. Захгүй хөх тэнгэрт, танан цагаан үүлс хөвөрнө. Үүлс нь хүртэл иргэдийнхээ амьдрал шиг яаруу бололтой. Түргэн нүүнэ гэж жигтэй. Орчны байдлыг ажсаар байтал хөлс асгараад хамаг хувцас биетэй наалдаж орхив. Хурдхан өрөөндөө ирж, шүршүүрт орж хөлснөөсөө салав.
Хичээлийн өрөөнд орж, интернэтэд суув. Yahoo messenger-т орох гээд ядчихлаа, байдаггүй юм байна. Угаалгын өрөөнд байсан ариун цэврийн хэрэгслийг дуусахаар нь өөрсдөө худалдаж аваарай гэсэн. Тэгэхээр нь саван, шампунь хаа байсан далай гатлуулан зөөсөндөө баярлав. Өчигдөрхөн бухимдаж байсан атлаа энэ сэтгэл өнөөдөр амарлингуй болж буйг юу гэж тайлбарлах вэ.
Унтлаа.
2011.06.23
Осака    




No comments:

Post a Comment