Pages

Wednesday, September 7, 2011

АЯН ЗАМЫН ЭХЭНД

Анх удаа хилийн дээс алхах гэж байгаа хүний сэтгэл ямар байдгийг мэдэхгүй. Миний бодож, сэтгэж, бас санаа зовж буй бүх зүйлийг туулдаг л байх гэж бодогдож байснаа өмнөтгөлдөө өгүүлсү. Миний бие Японы Засгийн газрын харъяа Япон сангийн шугамаар япон хэлний 2 сарын дамжаанд суухаар Осака хотыг 2011 оны 06-р сарын 22-нд зорилоо. Энэ өдрийн өглөө эртээ босч, хоол ундаа идэж уун ачаа бараагаа шалгасаар 09.30-д гэрээсээ гарав. Гэр маань "Чингис хаан" нисэх буудлаас нэг километр хүрэхгүй газарт байрладаг болохоор юухан байхав дээ, машинаар явахад. Манай гэрийнхэн гаргаж өгдийм байгаа биз дээ. Зарим гэр бүл шиг уйлаан майлаан, нус нулимс энээ тэрээ болсонгүй.
11.40 цагт онгоцондоо суулаа. Одоогоор 140 орчим хүн суугаад байна гэж шалган нэвтрүүлэхийн хүүхэн хэлнэ билээ, тэгэхээр энэ онгоцонд нь овоо хүн шингэдэг бололтой. Нэлээд хуучирсан "Эйр Чайна"-ийн онгоцонд надтай хамт олон гадаадын хүн суусан. Онгоцны нисгэгч, үйлчлэгч, бусад ажилчид нь бүгд хятад. Толгой дохиод л байхын. Адилхан дохилцоод л яваад байсан санагдана. Онгоц маань бараг 12.00 цагт хөөрлөө. Хөх тэнгэрт дүүлэн нисэх мөнгөн цагаан хөлөгт суулгүй 15 жил орчим болчихож. Тэртээ олоон жилийн өмнө онгоцонд анхлан сууж, хүүхдийн гэнэн зангаар хоёр тийш гүйсээр толгой эргэж, дотор муухайрсан тэр мэдрэмж энэ өдөр эргэн сэргэв. Гэхдээ бас ч гэж гайгүй ээ. Онгоц хөөрч, Улаанбаатар хотын баруун зах, Нисэх, Яармагийн гэр хорооллууд нүдэнд үзэгдээд үүлний цаагуур далд орлоо. Өтгөн үүлсийн дундуур зүсэн ортол таг харанхуй нөмөрч, хэсэгтээ гэрэл харалгүй явлаа. Их усанд живж яваад усны мандалд хөвөн гарч ирэхдээ хүн гүнзгий амьсгаа авдаг шиг, үүлсийн дундаас өнгийхүйд тийм мэдрэмж төрөв.
Хөөрснөөс хойш нэг цаг орчмын дараа ус ундаа бүхий тэрэг түрсэн нанхиад 2 хүүхэн элэгсэг инээсээр хүрч ирлээ. Юу уухав л гээд байгаа бололтой, нарийн цагаан гараараа хэдэн ундаа усаа ээлжилж заагаад л анхаарлын тэмдэг шиг хүзүүгээ асуултын тэмдэг аятай болгов. JUICE л гэлээ. Миний хүслийг ёсоор болгож, нэг удаагийн аяганд улбар шар жүүсийг мэлтэлзүүлээд явчихлаа. Араас нь бас л 2 хүүхэн. Урьдын адил тэрэг түрсээр суудал болгон дээр очиж тараасаар миний дэргэд ирэв. Энэ удаад ямар ч сонголт, асуултгүйгээр өмнө минь хэдэн зүсэм талхан дунд хэрчим бяслаг, мах хавчуулсан "идэш" орхиод явчихав. Идэж л орхилоо. амтгүй юм аа. Гэвч яая гэхэв дээ, турж үхэлтэй нь биш.

Ингэж явтал дээрээс нь дэлгэц унжаад л хятад дуу оруулгатай кино гарч эхэллээ. Суудлын хажууханд ууттай чихэвч байсныг нь аваад зүүчихлээ. Жунгаа хэл ойлгохгүй болохоор нойр хүрээд явчихлаа шүү.

14.10 цагт Бээжинд буулаа. Цагтаа Их Монгол улсын нийслэл хэмээгдэж байсан энэ хотод анх удаа хөл тавьж буй маань энэ. Битүү манантай энэ хотод дахин ирэхийг хүсэлтгүй юм билээ. Юун юм худалдаж авах, битүү хүн. Шоргоолжны үүрэнд л ийм байдаг байх. Батка ахын өгсөн хэдэн юаниар автоматаас 2 ш ундаа авлаа. Нисэх буудал нь тамтаггүй том юм аа. Дараагийн онгоцондоо суух хаалгаа хайж явсаар байтал 16.00 цаг болчихлоо. Ашгүй сая нэг юм "сүрэгтэйгээ" нийлж, хаалган дээрээ дугаарлав. 16.05-д Японы Кансай Олон улсын нисэх буудал хүрэх онгоцоор зорчих зорчигчдын бүртгэл эхэлвэй. Англи хэл мэдэхгүй болохоор ачаа бараагаа шалгаж лавлах гэж хөглөсөөн. "EXCUSE ME" гэж эхэлж байгаа юм аа бас. Тэгээд залгуулаад "MY GOODS GO TO JAPAN?!" гэж асуулт хариултын аль нь ч мэдэгдэхгүй юм хэлээд л тавичихсан. Шалган нэвтрүүлэхийн хятад бүсгүй билетийн тасархайг маань үзээд "ONE BAGGAGE?" гэхээр нь өөрийгөө ойлголцсонд тооцов би. Харилцан "YES" гэлцсээр салсан даа. Хятадаар ярьсан бол будлихгүй юу.
Нэг их урт автобусаар мануусыгаа зөөгөөд л, суух онгоцны маань үүдэнд авчраад буулгахад нь харвал биднийг энд авчирсан онгоц маань дүрээрээ зогсож байна. Дотогш орвол өнөөх л үйлчлэгч, ажилчид нь тосов. Нисэх зурвас дээр өөр олон том том онгоцнууд байна аа. Сүрдмээр эдс юм.
Хөөрөөд нэлээд удаан явж байж зэвхий саарал зүйлсийн дандаас мултарсан. Хятад гүрэн газар нутаг уудам, хүн ам ихтэй ч болохоор түүнийгээ дагаад агаарын бохирдол нь аймаар юм гэдгийг тэр их утаа, манантай холилдсон агаараас нь мэдэрсэн. Энэ онгоцонд идсэн хоол, уусан ундаа жүүс нь түрүүчээ бодвол хамаагүй чанаржиж, амттай болжээ. Гэнэт л уур хүрээд явчихлаа. Монгол гэхээр л хэдэн зүсэм талх өгч, Япон гэхээр л халуун хоол өгдөг нь хаанахын ёсов гэж загнамаар ч юм шиг, идэлгүй нүүр рүү нь чулуудмаар ч юм шиг.

Нисч яваа үеийн өндөр, онгоцны хурд, үлдсэн зай энэ тэр нь эвтэйхэн гарч байна аа, өнөөх дэлгэцээр. 11.000 метрийн өндөрт нисч явна гэсэн бичиг хараад сайхан ч санагдах шиг, бас эвгүйцэх ч шиг. Хажууд сууж явсан хаанах нь үл мэдэгдэх нэг залуугийн цагаа нэгээр урагшлуулахыг хараад дуурайсан нь яаг оносон байна билээ. Японд цагийн зөрүү манайхаас 1-ээр түрүүлдгийг тэгэхэд мэдсэн дээ.
Дороо харанхуй нөмөрлөө. Удалгүй Осакагийн гэрэлтүүлэг үүлэн дундаас гялалзаад л тодроод ирлээ дээ. Осакагийн агаар тунгалаг хэрнээ Бээжингийнх шиг бүгчим үнэр нь бас байна аа байна.
Буухын өмнөхөн бөглөнө үү гэж анкет өгснийг нь бичиж амжилгүй байсаар буусныхаа горыг амсаж 20.30 цагт буусан би тэрхүү хуудсыг бөглөх гэж багагүй саатсан. Ачаанд тань хар тамхи, тэсрэх бодис юу юу байгаав бич гэсэн байна. Юу ч байхгүй юм чинь яахын. Бээжинтэй зүйрлэхүйц том буудал байна шүү. Энд харин хэл амаа эвтэйхэн ололцоод ачааныхаа байгаа газар, гарах хаалга энэ тэрээ үйлчилгээний ажилчдаас асууж, ойлголцож явснаа сайрхаж дурьдууштай. Метроны тасалбар 350 иенээр худалдан аваад 5 минут орчим явсаар Ринкү Таунд ирэв. Энэ миний буух ёстой газар. Намайг адгаж яараад буруу тийш тэнэхээс урьдчилан сэргийлсэн үйлчилгээний ажилтан ахад талархууштай. Япончуудын элэгсэг занг эхэлж мэдрүүлсэн тэр хүмүүст баярлууштай. Ингээд өөрт оногдсон эрхийн дагуу Эцэг хүү ариун сүнсний нэрийн өмнөөс гэдэг шиг газрын зураг бүхий цаасаа барьж явсаар автобусны буудал дээр иртэл автобус байсангүй. 22.00 цаг өнгөрч байсан учир автобус зогссон гэж таалаа.
зогсоол дээрх ганц таксины жолоочоос очих газрынхаа нэрийг хэлж хаана байдгийг нь заалгах гэтэл хүчээр шахам тээшийг маань авч, ардаа хийж, манийг суулгаад давхичив. 660 иенээр явна гэж хэлснийг нь л ойлгосон. Харанхуй шөнө хүний нутагт хаашаа явна гэхэв дээ. Ингээд миний 2 сар амьдрах төвийн маань үүдэнд буулгаж, би ч бэлэн байсан 650 иенээ өгөөд үлдлээ. Үүнийг уншигч та санаж байгаа бол энэ 650 иен чинь метроны 350-ийн хариулт шүү дээ. 10 иений ашигтай ажиллаж байгаамаа бас. Төвийн хаалгаар оруут үүдэнд сууж байсан нэг залуу надад дугтуйтай карт, хэдэн иен өгч, цахилгаан шат хүргэж өгөөд эргэн гүйж савтай хоол атгуулаад явчихлаа. Үнэндээ энэ төвийн хэдэн давхар вэ гэдгийг ч анзааралгүй орчихсон болохоор хэдэн давхарт гарахаа ч сайн мэдсэнгүй. Хажуугаар нэг бор хүүхэн сэмбэлзтэл алхсаар ирээд товчлуурыг нь товхийтэл даран яваад орчихлоо. Араас нь ортол "Хэдэн давхар вэ?" гэж байна. Картан дээр маань 706 гэж байсан гэвэл 7 дээр дарчихлаа. Зузаан куртик өмсч, том цүнх чирч, хөлс нь бурзайсан маний хөлийн улнаас, малгайн орой хүртэл ширвэснээ "Та хаанахын хүн бэ?" гэж байна. "Монгол" гэтэл "Би Энэтхэг" гэж хэлээд 3 давхарт бууж одов.
Миний өрөө хамгийн урд талд байдаг ажээ. Картаа шургуулбал түгжээ торхийж, хаалгаар явж орлоо. Жижиг ч гэсэн товхийсэн тохилог өрөө. Ингэж нэг ирдгийн байж ээ гэж уртаар амьсгаа авч, орон дээр суулаа.


Савтай хоолоо бариастай, цүнхээ атгаастай хэсэг сууж байснаа гэнэт ухаарч хувцасаа нимгэлж, ачаа бараагаа цэгцлэв. Дараа нь гялс шүршүүрт орж, хоолоо идээд, тэмдэглэлээ эрээчсэн маань ингээд та бүхэнд уншигдаж байна. Маргааш 09.00 цагт уулзалттай гэж үүдний залуу хэлснийг санаж, хурдхан унтахаар хэвтлээ. Олон ачаа бараа дэмий чирч ирснээ бодохоор уур хүрэв. Оо сойз, саван шампунь, алчуур, ор хөнжлийн даавуу хүртэл бэлдчихэж. Аяга халбага авчирсан бол онигоо болохгүй юу.
2011.06.22
УБ-БЭЭЖИН-ОСАКА.

6 comments:

  1. Энгийн, сонирхолтой, ёстой л бичиж сурсан хүний буурь заажээ. Найздаа амжилт хүсье.

    ReplyDelete
  2. Ih goy boljee! Amjilt husey ee! Gump ene terees yur dutahgui bnaa

    ReplyDelete
  3. argagui l setgvvlch hvn shig bichsen bna shvv nzaa goy boljee amjilt!!!

    ReplyDelete
  4. Баянаа хөгшөөн нүдэнд харагдтал бичиж дээ. чи бид 2 яг ижил явж дээ. гэхдээ би со-р дамжсан болохоор Батка ах надаа вон өгөөгүй юм байна. хэхэ наргисан юм

    ReplyDelete
  5. mani hun nadad 10 yuan ugsiim bna teruugeer ni 2 undaa avchhsan shuu. ene temdeglel urgeljilnee blogtoo bichij amjihgui l yavna.

    ReplyDelete