Pages

Sunday, January 29, 2012

ХУУЧНЫ ЭЛЭГЛЭЛҮҮД

Одоогоос зургаан жилийн өмнө юмдаг, сэтгүүлчээр ажиллаж байхдаа "Үндэстний бөх" сэтгүүл, "Өнөөгийн төрх" сонинд элэглэл маягтай зүйл хэдийг бичиж байсан юм. Цаг үеийн шаардлагаар гэх үү, дээрээс өгсөн үүрэг даалгавараар гэх үү. 
Ямартай ч устаж алга болоогүй байна, тэгэхээр нь тэр үед уншиж амжаагүй хүмүүстээ зориулаад блогтоо нийтлье гэж шийдлээ. Цаг хугацааны хувьд 6 жилийн өмнөх гэдгийг дахин сануулья. Яг тэр хэвээр нь нийтэлж байгаа юм шүү.


МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР 
ДАРХАН АВАРГА Х.БАЯНМӨНХ

Аав ээжээс хайрласан нэр Баянмөнх
Ачит төрөөс өргөмжилсөн цол Дархан аварга
Авгайлж дуудуулдаг нэр маань Баянаа л юмсан
Алиалж тоглох хүмүүс “Хар аварга” гэх юм
     Нас хэвийж бие жижгэрээд хэрэг алга
     Наадамд зодоглох бяр дууссаных уу “буруу хойшоо”
     Ногоон дэвжээнд гишгэлгүй таван наадам үдсэн ч
     Нойрондоо хаяж л явна, зодог тайлаагүй шүү
Цагийг эзлэн явсан үе бий, хүмүүс мэднэ ээ
Цаашлаад дэлхийд дуурсагдах алдрыг  мартаагүй биз
Наадам бүрийн түрүүг өөрийн болгож явсан би чинь
Найрын хойморт заларч, насны намбаа эдэлж л сууна даа
     Бөхийн удмаа таслахгүй гэж хүү, хүргэнээ нэлээд шахлаа
     Бүр сүүлдээ ач, зээгээ, адаг сүүлд Шонхорынхныг ирлэж сууна
     Эр бяраар наадмын дэвжээг хотойлгож явсан цаг хэвийсэн ч
     Эрмэг хурдны шандсыг сорьж уяа тааруулнаа, чүчү-ү хош . . .


 

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР
ДАРХАН АВАРГА Ж.МӨНХБАТ
Бөх барилдана гэдэг чинь
Бух мөргөлдөхөөс тэс өөр
Гараараа дэвж, суйлж явсан надад
Хөлөөрөө дэвж сумодох нэг л ойлгогддоггүй юм
      Боорцогны оронд давс цацсан
      Боодогны агь шиг жижигхэн тойрогт
      Толгойгоороо биш гэдсээрээ барилдах
      Тоогүй энэ барилдаанд
Дархан мэхээрээ үзвэл
Дажгүй амжилт гаргана гэж
Цаад Хакуход чинь зөндөө л хэлсэн
Цаанаа өөрийг төлөвлөчихдөг бололтой
     Наран улсын энэ наадаанд
     Намайг хэрвээ зодоглуулах бол
     Нас хэвийж, намба суулаа гэлгүй
     Суйлж тонгороод сумод нэг хүчээ сорихсон.
          


МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР
ДАРХАН АВАРГА Д.ЦЭРЭНТОГТОХ
Хотол түмэндээ би дархан аварга
Хоч минь гэвэл хар аварга
Дэвжээн дээр харин
Дэнж хотолзуулж наадна
    Нас залуу байсан бол
    Наран улсыг зориод
    Сумо бөхийн дэвжээг
    Суйлах мэхээрээ эзэгнэх байв
Урлагт муугүй дор хаяж дэмбээдчихнэ
Улс төр ч сонирхоно, шатар ч тоглочихно
Төрийнхөө далбааг гадаадад
Далаад удаа өргүүлсэн дээ
    Монголчууд сумод одтой
    Магад Ёкозүна ч болох юм бил үү
    Өврийн хангайхан бяртай
    Өөрөө ч би харих болоогүй.

Эцэст нь гэж хэлэхэд улс төрчдийн ч бяцхан элэглэлүүд бий нь бий. Гэхдээ шүүмжлэлээс илүүтэй магтаал нь их /албан шаардлагаар/ болохоор нийтлэхийг хүссэнгүй. Та бүхэн хэрэв хүсвэл нийтлэж болох л юм.

Friday, January 13, 2012

Микроны ко нарт ажил бодож л явлаа


Өнөөдөр хичээлгүй. Дөнгөж ирсэн болохоор хавь орчинтойгоо танилцах завшаан гарсанд баярлав. Анги хариуцсан багш маань надаас энд ирээд юу үзэх хүсэлтэй, монголд юу хийдэг вэ гэхчлэн өчнөөн л “байцаалаа”. Асуултанд нь чадлаараа л хариулав. Цагийн ажил хиймээр байна гэлтэй нь биш дээ, ямар. Бид хоёрын уулзалт 10 минут л үргэлжилсэн. Би группийнхнээсээ хамгийн эхэнд орж, ард минь өчнөөн үндэстний хүмүүс хүлээж байсан учир түргэн гарахаас өөр арга байсангүй. Хаанаас хүнсний зүйлээ авч болох, бидэнд өгсөн төлбөрийн карт ямар дэлгүүрт үйлчилдэг вэ гэхчлэн зааварчилгаанд манайхаас баруунтаа байх “AEON” худалдааны төвд хямдхан бас чанартай бараа байдаг гэсэн болохоор түүнийг нь бушуухан үзэх хүсэлд автан хурдхан гарахын түүс болж байлаа даа.
Өрөөндөө орж богино цамц, богино өмд өмсч, алчуур хүзүүгээрээ ороож аваад гарлаа. Доош нэг давхарт дугуй олгодог хүнээс гарсан цаг минут, СА210 гэсэн хувийн дугаараа, нэртэйгээ бичээд дугуйны дугаар бүхий түлхүүрээ гардана. Жижигхэн цүнхээ хойноо үүрч аваад л жирийлээ дээ. Цонхоор харахад намхан л байх шиг байсан /дээрээс нь харсан юм чинь аргагүй шүү дээ/, гүүрийг давах гэж их юм болов. Ойрдоо дугуй унаагүй болоод ч тэр үү чанга байсан шүү. Хойшоо хартал төвийн маань цонх эрийтэл харагдах юм. Энүүгээр өчнөөн хүн намайг харж байгаа даа гэж бодуут монгол хүний нэрэлхүү шаралхуу зан хөдөлж, дугуйнаасаа буугаад түрэх гэж байсан “сульдаа” зан гэнэт арилаад хөлсөө гартал, шөрмөсөө таттал жийлээ.
Тэр нэг өвлийн өнөтэй яана
Тэхийн зогсоол нэртэй оргилын өндрийг яана гэдгийг
Тэр нэг өдрийн халууныг яана
Тэвхэдсэн нум шиг гүүрний уртыг яана гэмээр л байлаа. Зүтгүүлсээр байгаад л орой дээр нь сая гарлаа. Сайхаан, Чанх урдаасаа салхи үлээгээд л, хойно далай шуугиад л. Өнөөх салхи чинь малгайг минь хийсгэн, хуйх салгачих шахав. Гүүрний доогуур далайн их ус түрж орсон нь голын тохой аятай. Жижигхэн моторт завьнууд энд тэндгүй сойлттой. Далан дээрх гадаснуудаас бүдүүн олсоор татаж, завьнуудаа уячихаж. Ус нь үе үе долгилж, тэднийг бүүвэйлнэ. Энэ завин дотор нь нойрсвол ч нам явна даа ч гэж бодогдов. Жаахан зогсож байгаад цааш уруудлаа. Дөрөөг нь жийхийн ч хэрэг алга. Өөрөө л уруудсаар нэг замын уулзварт ирлээ. Хурдаа саахгүй бол эвгүйтэн осолдож мэдмээр золиг. Гэхдээ зам гэж янзын юм аа. Бараг донсолсонгүй.
Нэг урсгалтай гэмээр машины нарийхан зам өчнөөн таарлаа. 10 минут орчим л яваад нэг улзвар гарвал бөөн модны цаана уртаа улаан хүрэн барилга дүнхийлээ. Овоо урт юм гээч. Дунд хэрд нь очвол дээр нь “AEON” гэсэн бичиг байлаа. Худалдааны том төв ажээ. Ресторан, худалдааны төв, хүний үсчин, нохой муурны салон гээд л юу л байна даа. Дугуйн зогсоол дээр орхилоо. Дугуйгаа түгжиж байж түлхүүр нь сугардаг болохоор дугуйгаа алдана, түлхүүрээ мартахын зовлонгүй сайхан. Өөрөө автоматаар нээгддэг шилэн хаалганых нь өргөнийг ээ. Яваад орлоо. Надад ч нэг их мөнгө байхгүй л дээ, 700 гаруй иен бэлнээр. Зөвхөн бараа худалдан авч болох төлбөрийн картанд маань овоо байгаа гэж тооцоолсон л доо. Угаасаа наймаа хийх гэж биш, танилцах л шугамаар ирсэн юм чинь дээ.
Худалдааны төв рүү орвол өөдөөс сэрүү татаад л аятайхан юм аа. Гадна +30 С байхад энд лав л 10 байх шиг байна аа. Хамаг хөлс нь цувчихсан амьтанд чинь үүн шиг жаргал гэж юу байхав дээ.
Ингээд л толгойгоо хоёр тийш нь хөдөлгөж, эргүүлэх дасгал хийж эхэллээ. Соёлын шокноос гараагүй. Ямар азаар дунд сургуулийн биеийн тамирын багш маань ийм дасгал түлхүү хийлгэж байсан юм бэ гэж бодов. Тэгээгүй бол манайхны хэллэгээр хүзүүгээ гоёодуулчихаад гарч ирэхгүй юу.
1-р давхар нь тэр чигтээ зоогийн газар. 2-р давхар руу нь гарвал хувцас хунар, хэрэглээний зүйлс. Энд тэндгүй л Тавтай морилно уу, тэдээс тэдэн хувийн хямдралтай, хямдхан, хямдхан... гээд л бархирсан эр эм хүмүүс. Манай микроны ко нар тэнд ийм ажил хийвэл ч овоо юм авахаар юм билээ. Ялангуяа унзад хоолойтой нөхдөд нь ирээдүй байна аа.
Ёстой л нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад нь байна. Сардаа дунджаар 336,000 иений цалин авдаг арлын орны ард түмэнд бараа таваар нь үнэндээ хямдхан л даа. Энд худалдаалагдаж буй эд зүйлс ч хямдад тооцогдоно. “AEON” бол манайхаар “Бөмбөгөр”, ”Сарны титэм“. Хувь хүмүүс л лангуу түрээсэлдэг бололтой юм. Манайхаас ялгаатай нь бүгд л тус тусын брэндийн албан ёсны худалдаачид. Зуны амралт нь эхэлчихсэн оюутан залуусыг тэд 1 цагийн 1500-2500 иенээр цалинжуулан ийнхүү “орилуулдаг” юм билээ. Хэдийгээр техник технологиор тэд дэлхийг байлдан дагуулдаг ч амьд хүнээс ашиглах зүйлс үүнээс өгсүүлээд өчнөөн гэдгийг надад бас ухаарууллаа.
Ийш тийш эргүүтсэн хурга шиг явсаар байтал цаг ч нэлээд явчихжээ. Алдарт 100 иений дэлгүүрээр шагайчихаад явъя гэж бодоод хайж гарлаа. Миний хувьд япончуудаас өөрсдөөс нь нэг их ялгараад байхааргүй царай зүстэй болохоор манийг анзаарч харж байгаа нь даанч үгүй юм аа. Явсаар эрсэн газраа оллоо. Хүмүүс ч их орж  гарч байхымаа. Бас ч гэж том юм аа. Нэг муу 100 иений дэлгүүр гэхэд.
Цагаа харахнээ сургалтын төвийн номын сантай танилцах хичээлээсээ хоцрох шахжээ. Өдрийн хоолноосоо ч хоцорч орой болтол гүрийх “аюул” тулгарчээ. Ам цангаж явсан болохоор ундаа авлаа, бас яаж зүгээр байхав гээд түлхүүрийн оосор авчихлаа. Хаалгаар гартал шал өөр газар. Нар баруунтаа байсан атал би сүүдэртэй газар зогсож байх юм. Тэгэхээр энэ худалдааны төвийн зүүн талд нь гараад иржээ. Уг нь би хойгуур нь орсон юм л даа. Эргэж ороод гүйх шахам алхаллаа. Орж ирсэн хаалгаа ч олов. Дугуйны маань суудал нь халуун зуух шиг хачин их халжээ. Эмнэг дээр мордож байгаа хүн шиг л халгаж халгаж мордлоо.
Ирсэн замаараа сурсан ганц хоёр монгол дуугаа дуулаад л жирийлгэлээ дээ. Гүүр өөд өгсөх гэж унгахаас наахнуур юм болов. Хөлөө цуцтал жийсээр төвдөө 13.20-д ирэв ээ. Шууд 3-р давхрын хоолны газар руу орж өвчүүнийхээ цаагуур ногоо, будаа шидчихээд, шууд номын сан /эмийн сан биш шүү/ руу алхав.
Манай ангийнхан бүгд цуглачихаж. Гэхдээ би цагаасаа хожимдоогүй л дээ, тэд надаас түрүүлээд л ирчихсэн байхгүй юу. Номын сан төдийгүй ер нь энэ төв тун нээлттэй газар юм аа. Дугуй олгохдоо цаг минутаар нь бүртгэдгийг эс тооцвол. Энд явганаар газар үзнэ гэвэл 1-т, 30-аас дээшхи градустай чийглэг бүгчим энэ халуунд алхах гэдэг зүгээр л там. 2-т, үзүүштэй газрууд нь дор хаяж 1 км, 3-т дугуйгаар явах нь сонирхолтой, хаана ч явсан амар. За ингээд номын сан дахь үйл явдал руу эргээд орьё. Уг номын санд миний анхлан харснаар Япон-Монгол толь 3 ш байлаа. Уран зохиолын болоод бусад төрлийн монгол номууд байгаа эсэхийг мэдсэнгүй, гэхдээ ирчихээд дөнгөж 2 л хонож байхад үлдсэн өдрүүдэд мэдэж чадна шүү дээ. Ном, CD, DVD /энэ хоёр нь дуу хөгжим болон киноных/ зэргийг аваад 1 долоо хоногтоо эргүүлэн өгнө, харин толь бичиг бол удаахгүй байх тусмаа сайн. Хэлний CD, DVD-г авч гарах хориотой, номын сан дахь компьютерийг ашиглан сонсох боломжтой. Авч гарвал “чаралмаа” нь /мэдрэгч/ дуугарна шүү дээ. Бүгд л кодтой, түүгээрээ мэдэрнэ.
Номын сан тийм ч том биш юм. Аргагүй юм аа даа, сургалтын төв шүү дээ, манайхаар бол Япон-Монгол төвийн дайны.
Манай номын сан тохиолт өдрүүдэд зориулж түүнтэй холбоотой номуудыг дэлгэн гаргадаг шиг. Эднийх ч бас тэгдэг. Өнөөдөр цагны тухай сэтгүүл, гадаад дотоодын номуудыг өржээ. Тэгэхээр цагтай л холбоотой өдөр тохиож л дээ гэж бодов.

дижитал аппаратын хөгжил хаана хүрч зогсох бол

спорт хувцасны төрөлжсөн дэлгүүр

спорт хувцасны төрөлжсөн дэлгүүр 1

спорт хувцасны төрөлжсөн дэлгүүр 2

спорт хувцасны төрөлжсөн дэлгүүр 3

Япончуудын үнэнч анд дугуй

бэйсболын өлгий нутаг аргагүй мөн дөө

100 иений дэлгүүр

энэ юу юм бол гэж эхэндээ боддог байлаа сүүлд нь ортол ...

өө энэ бас дэлгүүр

Ямада ч алдартай дэлгүүр
Тэндээс гарахдаа 2 CD сонсож үзэхээр авлаа. Орой унтахын өмнө сонсоно оо. Одоо харин өрөөндөө орж хувцасаа солиод дахин гарч, Ринкү эмээх газрыг үзэхээр явлаа. Энэ бол зүүнтээ орших газар л даа. Өндөр алсыг харагчтай, дэргэд нь бас худалдааны төвүүдтэй. Замд “Ниссан”-ы автомашин борлуулдаг дэлгүүр, таксины бааз бололтой газрууд таарав. Дугуйн замтай учир явахад ямар ч саадгүй юм аа. Автозамаар ч машинууд нь хурдтай явна гэж юүхэв. Замд нь гэнэт явган зорчигч гарч ирж, ур чадвар машины чадлыг “шалгах” зовлонгүй юм болохоор сүнгэнээд л байхаас яахав. Уг замын дээгүүр явган суугаад барилдахаар бэлтгэж буй сүмочийн хөл шиг гүүрэн дээр хүмүүс шоргоолж шиг цуварч харагдана. Замын урд нь “RINKU PREMIUM OUTLETS”, хойно нь “SEACLE”, замын цаана “YAMADA” гээд л дан худалдааны төвүүд. Энэ худалдааны төвүүдээр үйлчлүүлэх хүмүүст л зориулж барьсан гүүр бололтой юм. Спорт, албан, хүүхэд, эр, эм, гадуур дотуур, аялал зугаалгын төрөлжсөн дэлгүүртэй. Орж үйлчлүүлэхэд ойлгомжтой. Гэм нь жаахан үнэтэй санагдсан. Эндээ бол хямд л юм шиг байгаа юм, тийм их хүн үйлчлүүлж байхыг нь харахад. Хүүхдийн хувцасны дэлгүүрээр нь орлоо, хөөрхөн юмнууд их байна аа.
Нэгбүрчлэн үнийг нь бичилтэй биш. Өөрийн сонирхсон зүйлсийн үнийг товчхон бичсү. Саравчтай малгай 1950 иен, цахилгаан барааны дэлгүүрт нь орлоо. Core i7 нөүтбүүк 170,000 иен гэсэн байна билээ. Ирэхийнхээ өмнөхөн “Компьютер ланд”-аар орж нөүтбүүк сонирхоход хамгийн сүүлийн загвар нь Core i5 байна, Core i7 гэж гараагүй ухааны юм ярьсан. Гэтэл энд үйлдвэрээс гараад хямдардгаа хямдарчихаж. Моод монголоор дуусна гэж үг санаанд ороодхов.
Япон руу сургалтанд явахдаа өөрийн нөүтбүүктэй явах нь дээр. Сургалтын төв ер нь Осака тэр чигтээ л wifi-тай хаанаас ч хэдийд ч цахим ертөнцөд орох боломжтой.
Цаг нэгэнт 18.00 болжээ. Оройн хоолноос хоцрохгүйн тулд буцахаас яахав. “Family mart” гэх дэлгүүр таарахаар нь төлбөрийн картаараа үйлчлүүлэх юм бодоод ортол энэ картаар бид үйлчилдэггүй, манай өөр дэлгүүрээр үйлчлүүлж болно гэв. Хүний нутагт байгаа болоод ч тэр үү энэ нөхөд намайг элэг барьж байна гэж бодогдоод жаахан уцаарлангуй байсанд нөгөө салбарынхаа байршлыг заасан газрын зураг өгөв өө. Тэр рүү нь явсаар байтал оройтох тул 600 иенээр 3 лааз шар айраг аваад, харихаар явлаа. Оройн хоолоо идчихээд, усанд орж, ТВ үзэхээр хэвтлээ.
“Асахи” шар айргийг нь уучихлаа. Нутагтаа ууж байснаас минь өөр /гоё/ юм аа. Ойрдоо алкохолын төрлийн шингэн уусангүй ч гэх шиг. маргааш амарна. Үлдсэн шар айргаа уучихаад унтлаа, баяртай.
"aeon mall" худалдааны төв

зоогийн газар ихтэй

алсыг харагч

дэлгүүрүүд дүүрэн

гүүрний нэг хэсэг


намайг "чангалдаг" гүүрэн дээрээс манай төв ингэж л харагдана

Энэ хөгшин ч гэсэн ZARA өмсөнө


амьтдын үсний салон

2011.06.24.
Ринкү Таун, Осака, Япон.