Барууныхны цагаар PM 09.00-д бид гурав бидний хувьд л ямартай ч будаг нь ханхалсан хар машинаараа баруун зүгрүү хааз гишгэсээр хотын их шуугиан, утаа униараас арай л гэж "амь мултрав". Дархан-Эрдэнэт гэсэн чиглэлд "аялаж", номын сангийнхаа үйл ажиллагаанд тусламж, хандив олох "их" санаатай явж байгаа маань энэ. Явуулын номын сангийнхаа үйл ажиллагааг сурталчлах, дээрх чиглэлүүдэд аялуулахад замыг нь засах гэсэн бас далд санаатай. Шөнөжин давхив аа. Харанхуйд зам хороох чинь амархан санагдаад уйтгартай, бас хажууд нь өөрөө жолоо мушгихгүй болохоор нойрмоглох янзтай. Цагаа тулахаар элдэв явган яриа, дэл сул онигоо гэгч чинь санаанд буухгүй зэвүүн гэж. Баагий ах зүүрмэглэх шинжтэй. Олон цагаар нэг хэвийн хурдаар, нэг л хэвийн ажил хийгээд байхаар хэн ч гэсэн залхдаг хойно арга ч үгүй юм байгаа биз дээ. Маний хувьд жолоочийг уйтгарлуулахгүй, уйлуулахгүй, бүр эвшээлгэхгүй, цаашлаад унтуулахгүй байх эх орны өмнө хүлээсэн чухал даалгавартай яваа ухаантай. Нүд цавчуулахгүй явбал бүр ч сайн гэх. Ер зогссонгүй машинаа хүнгэнүүлсээр чарлуулсаар Дарханы бараа харав. Харанхуй шөнө бараа нь ч биш, гэрэл нь л харагдаж байгаа юм л даа. Цаг харвал АМ 01.00 өнгөрч байлаа. Минут секундыг нь одоо санахгүй байна, сорри. Танил талын хүнийдээ хонох гэснээ гурвуулаа нэрэлхэж, даргынхаа нэр нүүрийг бодоод орох оронгүй гуйлгачин шиг аашлаж, айлын тогоо өнгийхөөс түвэгшээж зочид буудалд хоног төөрүүлэхээр шийдэв. Тэгтэл бас биш ээ. Дархан хотыг морины уяа тойрох лугаа нар зөв тойроод ч зочид буудал олж эс чадав. HOTEL гэх бичиг хаа сайгүй байгаа хэрнээ л сул буудал олдсонгүй. Дарханыхан тийм баян юм уу, эсвэл гэртээ хоноглож "юу яахад" тээртэй санагддаг юм уу ямартай ч гадны мань гуравт сул өрөөтэй буудал олдсонгүй. Хаврын өвчин нь нэгэн зэрэг хөдлөөд бүгд тав тухтай нөгөө ажлаа хийхээр нэгэн өдрийг сонгоод дэн буудлуудаа тэтгэж эхэлсэн бололтой. Хэдэн цагаар шуугиулсаар хүрч иртэл онцгүй угтсан болохоор нь Дарханыхны талаар ийм л гаргалгаа, дүгнэлтэнд хүрэхээс өөр аргагүй байгаа юм чинь одоо яая гэхэв.
Уур хүрээд, гомдох шиг ч болоод гурвуулаа шууд л Эрдэнэт рүү шуугиулахаар шийдээд замаа хөөв. Дарга ч урд суудал дээр давсанд яваад өгчихсөн, Баагий ах маань бас л сохор харын өртөөнд очих уу болих уу гэсэн байртай, замаа харахаасаа илүүтэй хоёр нүд нь аниатай. Хурд нь саараад л, өнөө муу хар тэрэг маань ч бас нойрмог баавгай шиг хөдлөж ядаад байх шиг болоод ирлээ. "Эх орны өмнө хүлээсэн" үүргээ нэр төртэй биелүүлэхээр дагалдаж яваа юм болохоор нэрээ бодоод санаанд орсон бүхнээ л бурж эхэллээ дээ би. Хүний ярьсныг ч өөрийн болгоод, бусдын хэлснийг өөрөө хэлсэн болгоод л авч өглөө дөө. Гэвч байдал дээрдсэнгүй. Үүнийг өгүүлэгч миний бие өөрөө юу ярьж байгаагаа ч бүрэн гүйцэд ойлгохгүй, төөрч будлиж явсаар нэг мэдэхнээ хоёр зовхинд наалдан пад түрхчихсэн аятай салах шинжгүй болоод ирлээ. Ингэж хэдий удаан явсан юм бүү мэд, дарга ашгүй сэрчихэж. Ядаж нэг нь сэрүүн байгаа юм чинь учир нь олдоно гэж сэтгэлээ засангуут л тасарч орхиод муу улиан чинь хурхирч өгсөн шиг байгаа юм. Хүн өөрийн хурхирсныг ямар сонсох биш, нөгөө хоёр маань л надад тэгж хэлсэн болохоор унтсан нь үнэн юм чинь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан л даа. Нэг сэртэл их бүтээн байгуулалт болсон Эрдэнэтэд ороод ирчихэж ээ. Бас л зочид буудлын эрэлд хатах нь тэр. Хэдэн ч цаг давхисан олдох шинжгүй. Хот анир чимээгүй. Хааяа нэгний машинаа хаазлах нь чимээлнэ. Маньд ямар Эрдэнэтэд танил байх биш. Миний нэг тийм танил байгаа юмсан гэх яриа урдуур өрнөөд, тэгснээ орой үдэш айл бараадаж доошоо орохгүй гэх. Наашаа гэсэн болгон руу нь гүйв гэгчээр онгорхой хаалга болгон руу орсоор сул өрөө байхгүй гэсэн хариулттай гарсаар. Хотоос яваагаараа найрах гээд ч тусыг эс олов. Ингэж явсаар нэг буудал гэсэн байшингийн хаалгыг нүдсээр байгаад хүнийг нь сэрээчихлээ. Өрөө ашгүй байна гэв. Ингэж нэг хоног төөрүүлэх юм болж, удахгүй амарна гэж бодохоор л хамаг бие сульдаад хачин удаан болчихов. 2 ортой бас нэг муу хужаа ТV тавьчихаж. Дулаан тухтай байранд ороод ирэв үү гэсэн шиг ам цангаад биш ээ. Буудал гэж явсан болохоос ууж идэх юм санаанд ер ороогүй байснаа гурвуулаа гайхалдаж байгаад хөнжилдөө шургаад нам. Зүүрмэглэхийн зуурт Дархан Эрдэнэтийнхэн ч хаврын өвчний эсрэг вакцин хийлгэхгүй бол хэцүүдсэн байна гэсэн хөгийн бодол толгойд орж ирээд замхарлаа...
Sunday, May 1, 2011
Tuesday, April 5, 2011
САЙХАН ЭХЛЭЛ БОЛ САЙХАН ҮРГЭЛЖЛЭЛИЙН ЭХЛЭЛ
Аливаа зүйлсийн анхдагч, манлайлагч байж, ажлын эхэнд явахыг монголчууд бид билэгшээдэг нь дэлхийн талыг ирт сэлмээрээ хувааж явсан халуун цөст, чин зоригт өвгөдийн цус бидний судсанд эргэж байдгийн батлагаа гэж бодном. Энэ ч үүднээс “салхи хагалах” гэсэн хэлц үгэндээ монгол эрчүүд өнөө хэр үнэнч явсаар ирсэн билээ.
Тэгвэл энэ жил, тэр тусмаа есийн тоонд сүслэдэг монголчуудын хувьд оюун ухааны өв, үе үеийн мэргэдийн ухааны нь цараа, утга уянгын дууллыг өөртөө шингээсэн өлгий нь болох Үндэсний номын сангийн 90 жилийн их ой тохиож байна.
Их ойгоо их гэх тодотголтойгоор хийж чадахгүй ч их ажлын эхлэлийг тавьж, салхийг нь хагалсандаа номын сангийн хамт олон бид сэтгэл өөдрөг, магнай тэнэгэр байна.
Дэлхийн банкны эдийн засгийн төслөөс болон БСШУЯ-наас дэмжсэн “Ардын элч” явуулын номын сангийн үйл ажиллагаа Монголын цагаар 2011.02.26-ны өдрийн 12 цагт Үндэсний Номын Санд нээгдлээ. Ингэхдээ хана туурганы цаана, хамаг түмнээсээ далд бус, харин ч иргэдийнхээ нүдэн дээр, их эрдэмтэн Б.Ринчен гүүшийнхээ өсгий дор нээгдлээ. Энэ нээлтийн ажиллагаа улсын наадмын дэргэд сумын наадам ямар санагддаг билээ дээ түүн шиг даруухан болсон. Гэвч нүдэнд үл өртөх жижиг эхлэлээс хожмын том үр дагавар гардгийг түүх бидэнд өнөө хэр нь нотолсоор байна бус уу.
Энэ үеэр МҮНС-ийн захирал Х.Чилаажав, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нар үг хэлж явуулын номын сангийн үйл ажиллагааг нээж тууз хайчилсан юм. Их өргөөний үүдэнд таслагдсан тэр тууз, олон саад бэрхшээлийг даван туулж, монголын мянга мянган иргэдийн оюуны цангааг тайлах цэнгэг булгийн эхлэл ч юм бил үү, тэр тууз онож хэлэхийн гайхамшигт мэргэдийнхээ сүнсийг одот тэнгэрээс бууж ирэхийг даллан дуудсан хэнгэрэг ч байсан юм бил үү.
“Ардын элч” гуншинтай явуулын номын сангийн оньсон тэрэг, нээж хэлсэн үг нь замхарч, мялаалгын цагаан сүү нь царцаж чадаагүй байхад анхны аялалыг эхлүүлж, Нийслэлийн алслагдсан дүүрэг болох Налайх руу дугуйн мөрөө гаргасан юм.
Налайх, 30 мянга орчим хүн амтай мөртлөө ажилгүйдэл, ядуурал ихтэй.
Налайх, 21900 номтой, нийтэд үйлчилдэг ганц номын сантай атлаа тэдгээр ном хэвлэлийн ихэнх нь агуулгын хувьд хуучирч, хоцрогдсон.
Налайхын номын сан, 2008 оноос хойш номын баяжилт хийгдээгүй, номын сангийн үйл ажиллагаанд зориулсан төсөвгүйн улмаас уншигч, ном олголтын тоо хангалтгүй үзүүлэлттэй байв. Мэдээлэл соёлын үйлчилгээ ихээхэн доголдож, номын санд иргэдийн оюуны хэрэгцээг хангах ном хэвлэл байхгүй. Хүмүүс ном хэвлэл уншиж, хэрэгцээт мэдээллээ авч чадахгүй байгаа тул явуулын номын санг бүх талаар дэмжиж, дүүргийнхээ ард иргэдэд явуулын номын сангийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, өргөн цар хүрээтэй хүргэх талаар идэвхтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байв. Мөн түүнчлэн маркетинг менежмент, сурган хүмүүжүүлэх ухаан, уран зохиол, мал аж ахуйн сэдэвтэй номын хэрэгцээ өндөр байдаг талаар номын санч н.Эрдэнэчимэг ярьсан юм.
Дээрх учир шалтгаануудын үүднээс бид Явуулын номын сангийн эхний үйлчилгээг Налайх дүүргийн хүн ам, тус дүүрэгт орших цэргийн 014-р ангид хүргэхээр 2011.02.26-ны өдөр Налайх дүүргийн иргэд, багш, оюутан, сурагчид, өндөр настанууд, 014-р ангийн бие бүрэлдэхүүнд хүрч ийн үйлчиллээ. “Ардын элч”-ийг хүлээн авах үйл ажиллагааг ЗДТГ-ын мэргэжилтэн н.Баттулга, СУО-ны дарга н.Баасанхүү нар өндөр хэмжээнд зохион байгуулсан гэдгийг энэ ялдам дурьдсугай.
Үндэсний номын сангийн дэд захирал Д.Бямбасүрэн “Ардын элч” явуулын номын сангийн ач холбогдол, зорилгыг танилцуулж Дүүргийн Тамгын Газрын болон Соёл Урлагийн Ордны ажилтнуудтай санал сэтгэгдлээ солилцож цаашид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.
Уншигчид “Ардын элч”-ийг хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, сүүлийн үеийн уран зохиолын болон орчуулгын бүтээлүүд, эрүүл мэнд, амьдрах ухаан, мал аж ахуйн чиглэлийн ном хэвлэлийг түлхүү сонирхон уншиж байсныг дурьдууштай.
Мөн дүүрэгт байрлаж буй Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнд үйлчилж, 58 ном хэвлэлийг номын санч н.Саранчимэгт хүлээлгэн өгсөн. Эх орон, ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө энэ биеэ зориулахад хэзээд бэлхэн тангараг өргөсөн эр цэргүүдийн маань нар нь гарах шиг болно билээ. Дараа дахин ирэхдээ илүү сонирхолтой, илүү олон ном ганзгалж ирэхээ манай багийнхан ам алдчихсан. Бид гэхдээ хий хоосон амлаагүй, анхны ажил, анхны үйлчлүүлэгчид гэхээр айдастай явсан, чин үнэнийг хэлчихье. Гэсэн ч хүмүүсийн хандлага, сэтгэлийн үгс, нүдний харц, үйл хөдлөл энэ бүхэн бидэнд ямар ч эмнээс илүүтэй, ямар ч саад тотгорыг үл ажрах эрч хүч өгсөн болохоор, урмын сэтгэлээ үл дийлээд энэхүү үгсийг харамгүый хэлчихсэн юм.
Цагтаа цалгиж гэдэг шиг хэдхээн жилийн өмнө дүүрэг нэрэндээ томдмоор хөгжил,
хөдөлмөрч иргэдээр бялхаж, хөл хөдлөгөөнөөр цалгиж байсан энэ газар өнөөдөр уурхай шигээ нам гүмхэн болжээ. Ёстой л нүднээс гарна гэдэг болж.
Бид уурхайг нь ажиллуулж, нүүрсийг нь олборлоод энэ хотыг хот шиг хот болгож өгнө гэж амлаж чадахгүй. Бид хүрз бариад амьдарч болдоггүй юм бол ном уншаад, мэдлэг боловсрол эзэмшээд хотоо өөд нь татна гэж шазуур зуун өгүүлэх иргэдийн хэрэгцээг чадан ядан хангаж, хүсэлдээ хүрэхэд нь нэг гишгүүр болж өгнө гэдгээ амлъя. Сайхан эхлэл бол сайхан үргэлжлэлийн эхлэл биш гэж үү.
Хүлээ, бид дараагийн удаа танай нутагт очно...
Subscribe to:
Posts (Atom)