Pages

Wednesday, November 21, 2012

Залуус аа! Нэг газар сууцгаая!



Хэдэн жилийн өмнө нэгэн цахим хуудаснаас ийм сэдэвтэй уралдаан зарласан юм. Түүнд энэ эссэгээ сойтол түрүүлчихдэг байгаа. Архиваа ухаж ээ суутал гараад ирдэг байгаа.
Монголд хэдэн жилийн өмнөхөө бодвол телевизийн суваг олон болж, үзэж харах юм ч элбэгшжээ. Ямар сайндаа л орой болгон солонгосын олон ангитай, анги шигээ сунжирсан үйл явдалтай уран сайхны кино гэхээсээ илүүтэй жүжиг маягийн юм үзэж байх вэ дээ. Тэр тэгээд бүр бүх телевизийн сувгаар гарахыг нь яана. Манайхан тэрхүү киног нь элдвээр л хэлж байх юм. “Савангийн дуурь”, “нойрны эм”, “ажилгүй авгай хүүхнүүдийн кино” ч гэж байх шиг. Манайхан аливаа юмыг хараар будахдаа ер гартахгүй шүү. Гэвч би тэр дундаас нэг зүйлийг олж харсан юм. Магадгүй миний энэ бичих гэж зүрхэлсэн эссэтэй ч холбоотой байж мэдэх юм. Харамсалтай нь ямар сувгаар, хэн гэдэг нэртэй гарсныг нь мартаж орхиж. Тэр кинонд ард түмэн, ард түмэн л гээд байх юм. Үйл явдал нь одоогоос нэлээд хэдэн зуун жилийн өмнө өрнөж байгаа бололтой юм. Харийн түрэмгий эзэнт улсаас ядарсан буурай улсаа эргүүлж авах гээд л үзээд байх. Газар нутгаа эргүүлж авахаасаа түрүүлээд ард түмнээ л авч өөрийн болгох гэж үхэн хатан зүтгэж олон ч сайн эрс, эмсүүд үхэж үрэгдэж байнаа. Тэгэхээр ямарваа нэгэн улсын хөгжил, мөхөл чухам тэнд оршин байгаа ард түмнээсээ л шалтгаалдаг гэдгийг энэ “савангийн дуурь” дахин дахин сануулж байв. Ард олон гэдэг хамгаас хүчтэй гэдгийг дэлхий нийтээрээ мэдэж байгаа. Улс гэдэг ганц үг өөрөө улс болчихдоггүй гэдэг. Харин ард иргэдгүй улс гэж загасгүй гол л гэсэн үг гэж би боддог. Үүнийг ингээд орхиё.
Залуус бид эх орноо хэрхэн хөгжүүлэх вэ. Энэ эхийн эхлэлд манайд үзэх телевизийн суваг олон болжээ гэсэн нь монгол орон маань хөгжиж байна гэдгийг л давхар хэлээд байсан хэрэг л дээ. Харин залуус бид хэтэрхий яараад байх шиг. Улс орон гэдэг өөрийн ёс заншил, үүх түүхтэй байж л дэлхийн бусад улс орнуудад хүлээн зөвшөөрөгддөг юм. Монголын залуус бид бусдыг дуурайж эх орноо хөгжүүлэх гэж санасны хэрэггүй биз ээ. Хөх монгол харийн нэгэн нэртэй улс төрч, удирдагч, гүн ухаантны хэлсэн ярьсан, зөвлөснийг дагахдаа тултлаа ядраагүй байлтай. Бидэнд тэднээс дутахгүй их удирдагч, байлдан дагуулагч, эрдэмтэн доктор, гүнээс гүн ухаантан байсан. Өдгөө ч бидний дундаас тийм хүн гарахгүй гэх газаргүй. Яагаад гэвэл улс орон гэдэг зөвхөн зөөлөн сандал дээр сууж, бие бие рүүгээ хараалын үг чулууддаг, цаас шидэлцэж, хэрэгждэггүй цоорхойтой хоосон хууль хаялцдаг улс төр болж тоглосон түшээдээс бүтдэггүй юм. Харин гудманд гуйлга гуйж суугаа балчир хүү, автобусанд орох гэж зүдэрч яваа азай буурал, хотонд хонь сааж суугаа эмэг эх, хороололд лангуун дээр суугаа наймаачин бүсгүй, хичээлээсээ хоцорсон оюутан, хийх юмаа олж ядан алхах залуугаас бүрддэг юм. Магадгүй би хэтэрхий зөрүүдлэсэн байж мэдэх юм. Гэвч энэ үнэн гэж би үздэг. Бид өөр өөрийн гэсэн үзэл бодолтой дотоод ухаантай байж л эх орноо хөгжүүлнэ. Эх орноо хамгийн хурдан хөгжүүлэх хүчин зүйл бол амин хувиа хичээх гэж харийн нэг “ухаантан” хэлсэн байдаг. Монгол жинхэнэ монголоороо болж чадсан цагт л хөгжиж чадна. Жаахан бухимдуу зүйл бичсэн бол гүнээ хүлцэл өчье. Бид нэг ёсондоо “хуулбарлагч” болж хоцорчээ. Саарал ордонд суугаа нөхөд ямар нэгэн хууль боловсруулах гэж хаа байсан англи, америкийн хуулийг хагас дутуу орчуулж ирчихээд л лекц уншдаг болж. Түүнийг нь бүрэн гүйцэд орчуулсан орчуулсан эсэх, утгыг нь бүрэн дүүрэн харуулж чадаж байгаа үгүйг шалгадаг нэгээхэн хүн ч алга. Бид тэдний “канондсон” хуулийг л үг дуугүй дагаж мөрдөөд байвал Азийн “бар” байтугай “арслан заан” улс болох юм байх. Бидэнд дэлхий нийтийн өмнө нүүр бардам, омог их, толгой өөдөө, цээж гэдгэр, нуруу цэх хэлэх юмтай гэж би боддог. Хөх толбот монголчууд бидэнд цагтаа хөдсөн дээлтэй, хөө хуягтайгаа, хүлэг морьтойгоо Дэлхийн талыг эзэгнэж явсан үе бий. Өдгөө хөгжил тааруу, ард түмэн нь ядуу тарчиг, авилгад идэгдсэн төрийн түшээдтэй гэж бусдад муу хэлүүлж буй ч эцсийн эцэст энэ бидний эх орон. Муу ч сайн ч Монгол бидний эх орон. Биднээс өөр хэн ч энэ улсыг өөд нь татахгүй. Урагшгүй ноёдтой хэрнээ, уулга алдуулмаар их баялагтай энэ орныг “Готов нь авна уу, Шадав нь авна уу“ гээд орхичихож боломгүй санагдана.
Нэг сайхан үүл арилж, нар гиймээр зүйл байна аа. Өвгө дээдэс маань бидэнд “ЭХ ОРНОО” гэсэн ямар сайхан сэтгэл, үзэл бодлыг төлөвшүүлээ вэ. Биднийг удирдан чиглүүлж “цэнгэлийн манлайд хүргэх” гэж ядарч зүдэрч, хуц нохойдоо тултлаа хэрэлдэж, зодолдож яваа хөөрхий дарга, сайд нар маань харийнхныг хэтэрхий их “канондсоныхоо” төлөө тэрхүү сайхан үзэл бодлоо төлөөс болгоод өгчихсөн бололтой юм. Харин залуус бид тэгэх ёсгүй. Монголыг монголоор нь авч үлдэн, монголчуудаа жаргаах цаг иржээ. Үүний төлөө хичээцгээе л дээ.
Залуус маань яагаад нэг л өдөр Сүхбаатарын талбай дээр цуглаад эх орноо хэрхэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцож болохгүй гэж. Зөвхөн 18-30 насны залуусыг л оролцуулъя л даа. Тэрнээс дээш, доош насныхныг нэвтрүүлэхгүй байя. Хэдэн өдөр ч хуралдсан яадгийн. Амралтын хоёр өдөр л байхад хангалттай бус уу. Хэн нь ч хэнээсээ ичиж, нэрэлхэлгүй сайхан ярилцъя. Зорилго нь нэг, сэдэв нь энгийн. Ердөөсөө л эх орноо хэрхэн хөгжүүлэх вэ. Бүгдээрээ чин сэтгэлээсээ л оролцоё. Хэн нэгэн муу санаатнаас хэн нь ч 5000, 10000 /магадгүй түүнээс ч илүү мөнгө аваад тэр хурлыг хутган үймүүлж мэдэх юм/ төгрөг авалгүйгээр сайхан зөвлөлдөх хэрэгтэй. Ахмадууд маань “Тэтгэвэр нэм!”, ах эгч нар маань “Авилгачид огцор!“, аав ээж маань “Хадгаламж зээлийн хоршоонд хадгалуулаад алдсан мөнгөө эргүүлж авъя!” гэхчилэн хэдэн сар өдрөөр өлсгөлөн, суулт зарлаад үйлээ үзэж байлаа. Тэд ийм удаан тэмцээд болоод байхад байхад бид идэж уух юмтайгаа, өмсөх зүүхтэйгээ тухтайхан шиг ирээд тулхтай үгээ хэлэлцвэл ямар вэ. Зуны нэг сайхан урт өдөр дээрх насны залуусаа нэгдээд сууя л даа. Эх орноо гэсэн сэтгэлтэй, хэрхэн улсаа хөгжүүлэх вэ гээд толгойгоо гашилгадаг олон залуус байгаа гэдэгт би итгэж байна. Магадгүй тийм залуусыг Сүх жанжины талбай багтааж дийлэхгүй байх. Тэгвэл өөр томхон газар очиж болно шүү дээ. Нүүр нүүрээ харж байгаад л санал бодлоо чөлөөтэй хэлэлцэж болох юм биш үү. Үүнийг уншсан хэн нэгэн эрх мэдэлтэн өөрөө ямар нэгэн хууль бус яманд орооцолдсон буруутай л юм бол биднийг нэг өдөр тэгж суухыг зөвшөөрөхгүй, ямар нэгэн муу аргаар когсоох гэж оролдох байх. Гэхдээ бид зарим нэг иргэний хөдөлгөөн улс төрийн хүчин шиг засгийн эрхийг булаах гэж засаглалыг солих гэж тэгж суух гээгүй. Эх орноо гэсэн эвийн сэтгэл элэг зүрхнээс хатгасны эрхэнд л тэгж цуглах болно гэж хэлнэ. Би хэн нэгнээс шагнал урамшуулал хүссэндээ үүнийг бичиж байгаа юм биш шүү. Зүгээр л ямар ч санаа бодолтой хэдэн ч насныхан оролцож болно гэхээр нь ийнхүү бичиж сууна. Би ганцаараа ингэж боддоггүй гэдэгт итгэлтэй байна. Миний дээр гаргасан санал зарим хүмүүст нь бүтэхгүй мэт санагдаж магадгүй. Эсвэл хэн нэгэн нь уншаад доог тохуу хийж ч магадгүй. Гэвч би ийм бодолтой байгаа мянга мянган залуусын өмнөөс баярлаж байна. Биднийг цуглахад хэн нэгэн нь шоолж магадгүй, зарим нь элгээ хөштөлөө хөхөрч мэдэх юм.
Монголчууд бид хэтэрхий бүрэг ичимхий. Хэн нэгэн өөр рүү нь хараад инээхэд л ичээд явчихна. Нөгөөтэйгүүр нэр төрөө хэтэрхий их боддог. “Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг. Ингэх нь буруу зүйл биш л дээ. Гэхдээ хүн хэрэгтэй үеээ ичих булчирхайтай гэдгээ мартаж чаддаг байх хэрэгтэй. Өөдгүй муу санаатай хэрнээ өндөг шиг өөгүй цэвэрхэн царайлаад явдаг хүмүүс байдаг. Монголын залуус тийм битгий байгаасай. Тэгэхээр бүгдээрээ эх орноо гэсэн чин сэтгэлээ ил гаргаж сурцгаая. Нэг нэгэндээ соёлтой боловсон байхыг зааж сургацгаая. Дэлхий нийт хөгжих тусам хүн төрөлхтөн бид өөрсдөө улам бүдүүлэг болоод байгаа юм шиг санагдах юм. Өөрсдөө нэг их сайхан соёлтой нийгмийг байгуулах гэж улайран зүтгэчихээд эцэстээ түүнийхээ хурдыг гүйцэхгүй өвдөг сөхөрч байгаа юм шиг бодогдоод л. Хөх монголчууд хэдэн зууны өмнө хөдсөн дээлтэй, үмхий үнэртэй гэж адлуулж явсан хэрнээ олон шинэ дэвшлийг хүн төрөлхтөнд үлдээсэний хамгийн наад захын жишээ нь анхны зоосон мөнгөн тэмдэгт. Үүнийг бидний өвөг дээдэс бүтээсэн юм. Анхны юм бүхнийг өөрийн болгох гээд байдаг нь зөвхөн монголчууд бидний зан бус, бусад хөгжилтэй орны хүн ардын ч гэсэн гэм. Гэм зангаа нууж хаалгүй, гэр гэртээ бүгэлгүй, дор бүрнээ бухимдаад суулгүй эх орныхоо хөгжлийн төлөө хамтдаа сэрцгээе. Монголын залуус унтаа байдлаасаа гарах цаг болсон: Биднийг эцэг өвгөдийн сүнс сүлд ивээх болтугай.
Монгол улс мандан бадраг. Бидэнд дэлхий ертөнцийг зулай дээрээс нь тольдох сайхан цаг ирнэ ээ


ЧИНГИС УУЛ МИНЬ


/Аян замын тэмдэглэл/
Номин хөх тэнгэр, навчин шаргал талын өгнө хоорондоо үнэхээр зохицож гайхалтай сонин үзэгдмүй. Урд сунайн хөндөлсөх уулс, түүний наанатай бор хөрсөн дээр дэвсгэр болсон хатаж гандсан өвс салхинд найган агаарт хөөрөхийг хүсэвч газар ижий хүүгээ холын аянд явуулахгүй гэсэн шиг түүнээс амь тэмцэн зуурна. Салхи зөөлхөн үлээнэ, бид алгуурхан урагшилна. Намар бөлгөө.
Урд хошууг тойруут битүү бүрхсэн хад чулуу нь хуяг дуулгаа өмссөн баатар эр тулаанд бэлтгэн зогсож буй мэт Чингис уул биднийг угтвай. Үнэнч хүчит баатрууд Чингис эцгийн тааллаар тэмээ шиг том чулуунуудыг тэгнүүлэн өрчихсөн мэт, нөгөөтэйгүүр балчир хүүхдийн төсөөлөөд зурчихсан зураг шиг эв хавгүй ээ.
Монгол улсын нийслэл Улаанбаатараас зүүнтэй нэгэн сонин уул байдаг бөлгөө. Энэ уул энд тэндээс сунаж тогтсонгүй, газрын хөрсийг цоолж ургачихсан мэт сондгой бөгөөд гайхмаар. Нэгэн цагт Азийн цээжийг морин туурайгаараа тамгалж асан их хааны ариун бие цогцос энд энэ газар шороон дор байгаа ч юм билүү.
Уулын оройд гарах үед бидний халууцсаныг мэдсэн мэт сэрүүн салхи үлээн, харин тээр дор зам, гол хоёр уралдан хөвөрнө. Баруунтаа хэвийх нарны туяа мушгиралдан урсах голын усанд ойж, нүдэнд хурцаар тусан түүнд нь нүд өөрийн эрхгүй цавчилна.
Найман зууны тэртээ энэ уулын хормойд Эзэн хаантан их цэргээ буудаллуулан өөрөө уул өөд заларч амсхийсэн гэнэм. Уулын орой дээр нэгэн дөрвөлжин чулуу байна гэнэ. Их хаан эргэн тойрныг хараа бэлчээн ажиглангаа уг чулуун дээр суужээ. Чингээд өөрийн цэц мэргэнийг шалган зүүнтээ орших уулын нэгэн хадыг онилон байж харважухуй. Тэр харвасан онь нь Чингисийн сумны ор гэгдэх болж, суусан чулуу нь Чингисийн суудал хэмээх болжээ. Домог сөхвөөс ийм бөлгөө.
Чингис хаан Дэлхийн мянганы хүнээр тодорч, эдүгээ ч миний ядарсан Монголын нэрийн хуудас болж буй нь үнэн. Энэ нь сайн эцгийн нэрийг гурвантаа худалдана гэдэгтэй агаар нэгэн буй заа…
Их хааны алдартай уулыг уруудах үест тэнгэрийн өнгө харлан бараантаж, уурлан ундууцах хүний нүүр шиг барайн харагдаж, Чингис уул ихэмсэгээр: “Хүүхдүүд минь хаан эцгийнхээ нэрийг өргөж яваарай” гэх шиг дүнсийнэ.
Аяа их эцэг минь
Алдар хүндийн тэнгэр минь
Ард түмний зүрх минь
Агуу их түүхийн оргил минү.
Алсаас довтлох салхи хацрыг минь алгадаад өнгөрлөө. Навчис нь цас мэт хаялсаар намар авхай айлчлан иржээ. 
Их эзний минь нэрийг эзэрхсэн хэрэггүй зүйлсээс эзнээ олж нэрлэгдсэн нь энэ уул буюу хэмээн бодлоо. Намрын салхи тэрхүү хэрэггүй зүйлсийг арчин авч оддог болоосой…
Үр садыг тань Мөнх хөх тэнгэр ивээлдээ багтаах ажаамуу.

2003 он

Наадмын өглөө

Наран зүүн уулын цаанаас дөнгөж цухуйж, мөнхөд үл дуусах алтан шар цацрагаа баруун уулыг хальтал гийгүүлэх үест мөнгөн саран жаргаж хараахан амжаагүй л байв. Хөх тэнгэрт нүдэнд торох үүл ч үгүй. Гагцхүү уужим хөх огторгуйд эрэлхэг хүрэн бүргэд цэг болтлоо өндөр авснаа алгуурхан доошлох нь харагдана.
Зуны салхи гэнэт ширүүсэх аядсанаа үес үесхэн үлээж, талын цэцэгсийг халиуруулан намилзуулж, хээрийн бяцхан бор шувууд цэцгийн дэлбээнд тогтсон шүүдрийн болор дуслаар амны цангаагаа тайлан далавчаа дэр дэрхийлгэн сүртэй дуу чимээ гаргана. Хээрийн шувуу тэндээс ниссээр нэлээд зайдуухан орших гүүн зэлний гадас модон дээр буухад өглөөний хурц наранд нозоорон хэвтэж байсан унага давхийн цочиж боссоноо айхтар дуу гаргасан амьтан нь хорхойд ч хоргүй харагдсан тул тайвшран дороо хэвтэв.
Хүй долоон худагт болох төрийнхөө их баяр наадамд тоосоо өргөхөөр газар газрын шандаст хурдууд цуглажээ. Мөнхүү манлай, алдарт уяачдын хээ хуар болсон майхан гэрүүд хөндийн цэцэгс шиг яралзах нь андашгүй. Уяан дээр нь байх морьдоос ч олон төмөр хүлгүүд гадна нь өрөөстэй.
Өчигдөрхөн шилбүүр сандайлан хурга, ишиг эргүүлж тойруулахаар гүйлдэж байсан багачууд өнөөдөр өөрсдийгөө хэдийнэ том болсон мэт санана. Тод өнгийн нэгэн ижил хувцас өмсчихсөн явах нь эрвээхэй ч атаархам аж. Тэд хурдан морио унаж уул уулсын цаанаас уралдана гэхээс л сэтгэлийнхээ тэрхүү баяр цэнгэлээр тэнгэрт нисэн алдан хөл нь ч газар хүрэхгүй энэ тэрүүгээр холхино.
Найман ханатай их гарын дун цагаан гэрийн урд, хойно саахалт айлын зайтай үргэлжлэх хурдан морьдын уяан дээр хашир уяачид эрдэнэт хүлэгтэйгээ сэтгэлийн үгээ ярилцах мэт. Хүлэг нь эзнийхээ үгийг ойлгож буй аятай толгой хаялан, газар цавчлах нь үлгэрт л гардаг гуурст хүлгийг санагдуулна. Эзэн хүлэг хоёр энгийнээр ярилцаж эрхгүй нэгнээ хэнээс ч илүү ойлгоно. Хашир уяачдыг даган уяачийн эрдэмд суралцаж буй залуус хүлэг моридыхоо хөхөл сойлгыг боон зогсох нь танил агшин.
Өвгөн аавыгаа амьд сэрүүнд зуны гурван сард хөдөө ах нарын уяж сойсон морьдыг хөлөргөж, их сунгаанд хурдлуулж, тэднээс урмын үг сонсдог байсан гэгээн дурсамжууд ар араасаа цувран сэтгэлд минь амилан сэрвэй.
Хүй долоон худаг нэрт энэ саруул хөндийд урьд өмнө өвөг дээдэс минь дагшин наадам зохиож байсан тухай түүхийн хуудаснаа үлджээ. Энэ жилээс тэрхүү уламжлалыг сэргээн энэ газарт хурдан морь уралдуулах шийдвэрийг төрөөс гаргасан билээ.
Жил бүрийн наадмаар Улаанбаатарын өмнө сунайх Богд хан уулын хойд хормойд морьдоо уралдуулж, гурав хоног баярлачихаад дараа нь тэр газрыг дурсдаг ч амьтангүй бүгд нутаг нутгийн зүг хүлги йн жолоо эргүүлнэ. Хамаг өвс нь халцарч, царцаа буухад ч тоос бужигнахаар болж дара жилийн хаврыг хүлээхээс өөр аргагүй болдог байсныг анзаардаг хүн хичнээн байсан бол доо?
Өвөг дээдэс маань наадам хийхдээ тэр хавийнхаа газрын эзэн лус савдгийг аргадан тахьдаг уламжлалтай байсан. Тэгтэл Богд ханыг тахих нь байтугай зорьж гараад овоонд нь чулуу өргөдөг хүн ховор байсан биз ээ. Магадгүй ингэж газрыг нь өөрчлөх нь зөв байсан. Монголчууд бид эх нутгаа хайрладаг ч гэсэн түүнийгээ ил гаргаж чаддагсан билүү. Би ийн бодож явлаа.
Хурдан морьдын түрүүч азарга эргэжээ. Наадмын талбайн хойгуур эмх замбараагүй байрлах гэрэн гуанзуудын дундуур хоол унд эргүүлдэн явсан хэсэг наадамчдын морьтой нь давхилдаж, явган нь гүйлдсээр Хүй долоон худагт хөх тэнгэрт ч харагдахааргүй их тоос босгон барианы зурхай тийш зүглэв.
Араажаваар сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын морь тайлбарлах дуу хөндийгөөр нилэнхүйдээ хадаж, уяа сахиж үлдсэн өвгөд түүнийг ч завгүй гэрийн хаяанд суунгаа эртний домогт хурдан хүлгүүдийн талаар ам уралдан хөөрөлдөнө. Хааяа ганстай тамхиа гүн гэгч нь сорон утаагаа агаарт хөөргөх нь харагдана.
Машин тэргүүд зайгүй сүлжилдсээр нэг л мэдэхэд аалзны тор адил замбараагүй олон зам үүсгэжээ. Харин энэ олон жижиг замууд яван явсаар нэг л гол замд нийлдэг шиг удам дамжсан эрдэмт уяачид, хүчит бөхчүүд, эрхий мэргэн харваачид наадам хэмээх энэ л сэжмээр холбогдсоор хэдэн зууныг элээснийг би таашгүй. Гагцхүү цээлхэн хоолойтой багачуудын гийнгоо, эрдэнэт хүлгийн ган дөрвөн туурайгаараа газар бөмбөрдөн цойлох чимээ энэ бүгд түүнээс ч олон зууныг дамжин хойч үед минь хүрнэ гэдгийг л мэдэж байна.

2004.07.11
Хүй долоон худаг

Monday, July 2, 2012

Булганд үдүүлж, Мөрөнд угтуулсан хоёр дахь өдөр


Тэнгэрт одод над руу ирмээд, газар хэвтэж байгаа би өөдөөс нь хариу нүд ирмэсээр байтал “тас үсэрч” нэг мэдэхнээ өглөөн улаан нарны туяа зовхийг минь хуу татан сэрээвэй. Хэдэн ч жил гадаа ингэж унтсангүй вэ дээ. Чимээ шуугиангүй, агаар нь тунгалаг хөдөө нутгийн хөрсөн дээр унтана гэдэг ямар ч зөөлөн орноос илүүтэй амраасан мэт. Загаа найзынхаа урлаж өгсөн аяны хөнжилд даарахын зовлонгүй хонолоо. Хүний сэтгэл шингэж, хөлс нь дусалсан юм болохоор аргагүй биз ээ. Миний биеийн харьцааг /өндөр, нарийныг/ үнэхээр сайн мэдэж оёсон байх чинь юу вэ. Ингэж хэлтэл “Та хоёр хачин байгаа шүү” гээд л Өлзий маань бас хардах санаатай, муу хог чинь. Айлын эхнэр эргүүлэх увайгүй эр биш гэдгийг мэддэг болохоор найз маань наргиж хэлсэн байх оо.

Хашир хандгай чинь шөнө хувцасаа тайлалгүй хөнжилдөө шургасан маань онож. Өлзийг үүрээр нэг сэртэл нүүрэн дээр нь шүүдэр буусан байсан гэсэн. Би даанч мэдээгүй. Ер нь мэдэхийн ч аргагүй байсан юм чинь. Хэзээний толгойгоо хөнжлөөр хучаад дугжирчихдаг зантай болохоор Өлзий шиг шүүдрийн усаар нүүрээ угаах хувь дутаж л дээ, маньд.
Намайг босоход нөгөө хэд маань унтаж л байгаа бололтой. Хоолойгоо застал найз маань “ичээндээ” хөдлөв. Би ч хэзээний өглөө унтаж чаддаггүй гэмтэй учир ингэж үүрээр босч өрөөлийг сэрээсэн хэрэг. Яаж ганцаараа сэрүүн байгаад байхав дээ, амиа бодсон хэрэг болно биз дээ.
Булганы номын сангийн эрхлэгч Баярмаа эгч маань айлын эзэгтэйн хувиар эртлэн босч гал хөсөө түлж, цай хоол зэхэв. Урьд орой нь хэдэн ч шил юм хөнтөрсөн юм бэ дээ, манайхны дотор авах юмгүй байгааг Баярмаа эгч маань гярхай анзаарсан бололтой “Алтан медальтай хоол” бантан хийж өгөв. Догоо эгч маань ч биднийгээ гээд гэртээ ч харилгүй энд хоножээ. Өглөө гялс манас бантан “төхөөрч” хотоос яваа аялагчид бид айлын хэдэн хүүхэд шиг ширээ тойрч суугаад эвтэй нь аргагүй хооллов оо.

Нар зүүн айлын хашааны дээр тоглож байх үеэр Булган хотын урдах Хийморийн овоог зүглэв. Булганы номын сангийнхан биднийг үдэж өгөхөөр бараг бүгдээрээ ирчихэж. Саарал фургонтойгоо биднийг дагуулан хийморийн овоондоо аваачив.
Биднийг үдэж байна
Булганчуудын Хийморийн овоо
Одоогоос 20-иод жилийн өмнө энэ нутагт би анх хөл тавьж байлаа. Тэгэхэд манай хамаатных Архангайгаас энд шилжин ирж, Булганы онгоцны буудлын урдхан Агуйт хэмээх модтой уулын зүүн хойнотоо бууриа зассан юм. Тэгэхэд би Архангайгаас “МАЗ” машины тэвшин дээр гэр бараан дунд “шидүүлж” сэгсчүүлсээр ирж билээ. Тоонон дээрээ гараад гараа сунгахад л хүрчихмээр ойрхон мэт тийм тод, цагаан сартай шөнө. Тухайн үед бараг малчин айл болгонд байдаг өнөөх батерейгаар ажилладаг оросын хүлээн авагчаа хаана ч юм тавичихсан, түүгээр нь Со ах “Дорнын цагаан саран”-аа цангинуулж байхад бид гэрээ барьж байсан нь санаанаас гардаггүй юм. Миний гэр барих ч гэж юу байхав, томчуудын хөлд тээг бололгүй тэрэгний мухарт чимээгүй байж байвал барав байсан биз. Тэр жил манай нутагт гантай, адуу мал билчээргүйдээд яагаад ч юм ийшээ ирэх болсон байх. Түүнээс хойш энэ дууг сонсохлоор тэр орой нүдэнд үзэгддэг юм. Өвөөтэйгээ хамт явсан бараг сүүлийн амралт тэр байсан байх аа.
...Хийморийн овоон дээрээс миний хурга тугал эргүүлж явсан жижигхээн толгод, хойхно нь урсах нарийхан горхи ив ил харагдана. Агуйт уул зөндөө их араатан амьтантай байсан. Тэр жил ахыг энэ уулын бэлд хонь хариулж явтал хонь нь гэнэт хага ярагдан ямаа орилох сонстожээ. Гүйж очоод харвал том оо гэгч нь “муур” нэг ямааг нь гоочилж байсан гэдэг. Ах яахаа мэдэхгүй эргэж гэр рүүгээ давхиад буу шийдэм агсаад ирэхэд нь аль хэдийнэ арилаад өгчихсөн байсан гэдэг юм билээ. Хангай бол хаа сайгүй л байсан. Ахынх маань хонио хангайн амьтанд өргөл барьж болгож байсан болохоос хангайн амьтныг агнаж байсан тухай дуулаагүй юм байна. За тэгээд энэ ууланд баавгай, буга, гахай гээд л есөн шидийн л амьтан байсан гэдэг. Мойл, гүзээлзгэнэ, самар бол энүүхэнд нь ургадаг, баян хангай даа.
Ямар ч аймаг сумынхан хийморийн овоо босгож өөрсдөө сүслэж дээдлэх юмтай болжээ. Булганчууд ч бас аймгийн төвийнхөө баруун урдах толгой дээр суварга бүтээгээд, овоо босгож, хар сүлд залжээ. Эндээс Булган хот эрүүн доор минь л харагдана. Нарны туяанд цагаарч, манантай ч юм шиг үзэгдэнэ.
Булган хот өглөөн наранд
photo by-Bayano

Булган бусад хотуудтай харьцуулахад жижигхэн. Гурилын үйлдвэр нь багахан хүчин чадалтай ч гэсэн ажилладаг л байсан санагдана. Эмээ маань нээг их царвантай гурил зуурч хэрчээд сүүтэй гурил хийж өгдөгсөн. Тухайн үед зуны гурван сард хүүхдүүд махны бараа харна гэж байхгүй, шувтан л гурилтай сүү гөвнө. Хааяа хонь төхөөрвөл томчуудын идэж бараагүй цус, уушиг, өлөн төдийхөн олдоно. Тэрийг нь өглөөд хонинд явахдаа сүү хөөрүүлээд гүйцэд унтраагүй галын үнсэнд булаад хэсэг хүлээзнэж байгаад л шажигнатал нь зажилчихдаг байж билээ. Тос нь шүүрээд л мөн ч амттай шүү. Хоол ундгүйдээ ч юм уу, эсвэл хонио нарийлсандаа ч юм уу биднийг тэгж “чангалдаг” байсан биш юм билээ. Зуны гурван сар хэдэн хүүхдийн ходоодыг сайхан цэвэршүүлээд, одоогийнхоор бол “цагаан хоол”-тон болгоод буцаадаг байсан байх. Хотод бид хаашдаа л намраас хавар хүртэл хүссэн хүсээгүй мах иддэг байсан юм чинь.
Ард минь Агуйт уул
photo by-Ulzii

Хийморийн овоон дээрээс бид уруудаад онгоцны буудлын наахна горхины дэргэд буулаа. Ногоон ширгэн дээр хөл нүцгэн хэсэг таваргангаа эмэгтэй сүмочдынхоо энэ жилийн өнгийг шинжив. Хүүхнүүдээ ноцолдуулаад тэнгэргүй амьтад вэ гэж зэмлэж магад. Тэмээ ямаа шиг ялгаатай хэдэн эр хэн нь хэнтэйгээ барилдах вэ дээ. “Гарьд магнай“ дээр Равсал: “Энэ чулууг Далайцэрэнгээс өөр байрнаас нь  хөдөлгөх адгуус ч байхгүй” гэдэг шиг Өлзийг барах адгуус ч энэ микрод байхгүй юм чинь. Мань хүнийг Тулгаа, Тө-Тө ах хоёр л хэсэг хөдөлгөж магадгүй. Би ч хөөрхөн дүү Эрхэмээгээсээ илүү гарахгүй л амьтан доо.
Чи өөрөө барилдая гээд...
photo by-Ulzii

Булганы номын сангийнхан Баагий ахад маань их хөөрхөн нэр хайрлачихсан. Тө-Тө гэхээр “Х-Түц”-ийн чөргөр Тө Тө төсөөлөгдөж байна уу, тэгвэл тэр чинь биш за юу. Бүтнээр нь хэлвэл аймаар гүн гүнзгий утгатай, сүрдмээр нэр л дээ. Бараг Монголд ийм нэртэй хүн байхгүй гэхэд буруудахгүй. Та нар өөрөөс нь асуугаарай гайгүй. Манай ах ч монгол эр хүний ёсоор ичээд хэлэхгүй л дээ, сайн гуйвал л юу юм гэхээс. Товчилхоороо дөнгөж хэлд орж байгаа хүүхэд ямар нэг амьтныг /хурга, ишиг ч юм уу/ төлөөлүүлэн нэрлэчихсэн юм шиг санагдаад байгаа болохоос биш, Тө Тө гэхээр.
Тэнд бас яаж зүгээр байхав хэдэн шилтийг хоосолж орхив. Ер нь ч тэгээд энэ архи гээчийг зөв хэрэглэвэл зөөлөн зөөлөн замбуулин юм байна билээ дээ. Хожим нь л би ухаарсан шүү. Их ч юмаа зольж байж ухаарсан лүд дээ.
Монголын анхдагчдын өлгий гэдгээрээ Булганчууд жаахан хамраа сөхөх аястай. Хүн нутаг нугаараа бахархах нь зүйн хэрэг л дээ. Дан ялангуяа монголын анхны сансрын нисгэгч, монголоос төрсөн анхны олимпийн аварга гээд л дурьдахаас аргагүй хүмүүс энэ нутгийнх. Тэдний энэ омгийг нь дарчих байх гэж хүүхнүүддээ их л найдсан юмсан. Бүр үсэрч цовхчоод орилж хашигчаад ч тусыг эс олов. Анхдагчдын өлгий нутгийн аатай хүүхнийг аваад шидчих авхаалжтай бүсгүй манай микроноос гарсангүй. Голын ногоон ширгийг зулгартал барилдаад, уусан юм нь уурших мэт алга болчихсон бололтой. Дахиж нэг шил юм хашраана гээд хэн нь ч тэглээ дээ. Ер нь энэ зун хэдэн бүсгүйгээ сайн тордож, дасгалжуулж аваад ирэх жил Булган аймгийг дайлаар мордвол яасын. Манай номын санд бөхийн удам байхгүшй ч бөх байхаар хүүхнүүд олон бий биз дээ. Дарга нар нэгийг бас бодоорой. Байнд нь гайгүй юм тавиад барилдуулбал ч...
 Манай Сараа нутгийн бөхөд уначихаад Далайцэрэн шиг “Бямбаа эгч ээ, миний бяр дуусчээ” гээд газар ухаад сууж байсан юм даа.
Булганыхан биднийг зорьсон газар руу минь явуулахгүй байх санаатай. Энд хэд хоног амарч байгаад буц л даа гэж байна. Дараа ирье л гэлээ. Энэ үг хэнд ч хэлсэн үнэ цэнээ хэдийнэ алдчихсан гэдгийг мэдэж байсан ч үүнээс өөр хэлэх үг бидэнд олдсонгүй.
Ингээд бид цааш хөдөллөө. Булганаас цааш 100 орчим км-т засмал зам тавьжээ. Замын ажил үргэлжилж л байна билээ. Нэг байгалийн шороон замаар давхиад л, нэг сайжруулсан шороон замаар ороод л. Манай жолооч, туслах жолооч хоёр ч замыг бол ёстой нэг сонгож байгаа юм аа. Дотор нь унтаж яваа биднийхээ ая тухыг бодоод аль аятай сайхнаар нь явах гэж хичээсэн шүү. Мориор зүйрлэвэл хондлой дээр нь аягатай айраг тавихад асгалгүй жороолдог морь байдаг гэдэг шиг, энхэл донхолтой хөдөөгийн энэ замаар дотор нь суугаа хүмүүс аягатай архи уухад дуслыг ч цалгиахгүй давхидаг жолооч гэвэл Баагий ахыгаа л хэлнэ.
Бид бараг эрчээрээ давхисаар байгаад нэгэн голын хөвөөнөө ирэв. За энд ямар үйл явдал өрнөснийг хэлэх хүн байхгүй байх аа. Сайхан сэрүүцэж байгаад л хөдөлсөн гэж бичих үү дээ, манайхаан. Тэнд юу болсныг тэнгэр л мэднэ. Юутай ч би хангай дэлхийдээ өргөх ёстой “өргөл барьцаа” өргөчихсөн.
Их уул
photo by-Ulzii
Хурын үүлс тойроод л
photo by-Ulzii

Тэгснээ гэнэт нар гараад л
photo by-Ulzii

Багийн гишүүдээ танилцуулаагүй юм байна шүү дээ.
Бямбаа эгч: Омгийн их удирдагч. /Гэхдээ манай микрод эхийн эрхт ёс давамгайлаагүй. 5 эр хүн хүчтэй цөөнх байж чадсан шүү/,
Сараа эгч: Манай багийн хөгжөөгч. Сараа эгчтэй замд явахад уйдна гэж гонж.
Баагий ах: Тэр микро доторх 10 гаруй амийг дааж явсан Онц тээвэрчин, Тө-Тө ах.
Өлзий: “Онц тээвэрчин”-ий “Сайн туслах жолооч”, чиглүүлэгч, Нойр сэргээгч гэж нэрлэхэд ч буруудахгүй.
Тулгаа: Манай багийн “Алтан гургалдай”, анд маань дуулна гэж үзүүлнэ шүү дээ. Микроны муушигны хошой аварга.
Цогоо эгч: Цөөхөн хоногт ч гэсэн манай багийн санхүүгийн албаны дарга албан тушаалтай явсан. Ер нь энэ хүнтэй сайхан харьцахгүй бол микрогоо түрээд GO TO HOME болж мэднэ.
Гүнжээ: Санхүүгийн албаны дэд дарга. Жаахан хичээсэн бол Булганы номын санч хүүхнийг бохируулж мэдэх л байсан, гамгүй сүмоч.
Сараа: Микро маань дотроо бас зэрэглэлтэй, урд, хойшоо харагсад, дунд, хоймрынх гэж. Унааныхаа хойморт нь л яваад байх сонирхолтой. Тэр местээ тийм ч амар алдахгүй.
Туяа: Хойморт тухласан суудлаасаа босолгүй бараг 7 хоног явсаар байгаад л ирсэн, суудалдаа үнэнч бүсгүй. Хоймор хэсгийнхэн үгээ мартсан дуучин, шаварт суусан машин хоёрыг бол өргөөд л аваад гарчихна. Ямар ч шаварт суусан манай машин эднийг ЧҮҮ !!! гэхэд л гарчихдаг юм. Тэгэхээр яалт ч үгүй хэрэгтэй хүмүүс.
Зулаа: Яван чангардаг бүсгүй. “Мэргэжлийн зураг алаач” өргөмжлөлтэй. Сараагийн зургийг хараарай, санаатайгаар нь ард нь суусан байгаа.
Эрхэмээ: Манай багийн эрх танхи гишүүн. Хөлбөмбөгийн гайхамшгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлнэ. Хөлбөмбөгийн бурхан тэнгэртэй найзалж мэдэх сэргэлэн дүү. Том эр ээ бас. “Ном унших”-аас бусдыг бол ярина аа ярина.
Би: Микроны хаана л бол хаана сууж явж чадна. Аливаад дасан зохицохдоо сайн ч амархан мууддаг гэмтэй. Дуу хууранд маруухан. Инээвэл инээнэ, ханиавал ханиана.
Хөвсгөлийн төв номын сан
photo by-Ulzii

Сэдэвчилсэн үзэсгэлэн байнга болдог гэнэ
photo by-Ulzii

Бидний хэдэн нөхөд Хөвсгөлийн Мөрөнд оройн 8 цагийн үед ирж, сая нэг юм машиныхаа моторыг унтраав. Хөвсгөлийн номын сангаар зочилж, Үндэсний номын санд дээхнэ үед ажиллаж байсан хоёр ахмад ажилтан буурайтай уулзаж дайлуулж цайлуулсаар оройхон хэрд буудалдаа ирцгээв. Бид Хөвсгөлийн номын сангийн эрхлэгч Оюунтуяа эгчийнхээ гэр бүлийн бизнес болох “Хөвсгөл Монтрэйвэл”-ийн зочид буудалд тухалж авлаа. Эдний буудал үнэхээр тохилог аятайхан санагдсан шүү.
Мөрөн бороотой байлаа. Гэвч энэ хамаагүй, оройхон дискотой.

Мөрөн хот

2012.06.21

Sunday, July 1, 2012

Өглөө шиг эх орныхоо хоймор өөд

"Ардын элч" Явуулын номын сан гэсэн шошготой микроавтобус 06-р сарын 20-ны өглөө Үндэсний номын сангийн үүднээс тэр өдрийнхөө харуул Түмэнбаатар хэмээх өндөр халзан нөхрөөр үдүүлж, дөрвөн дугуйгаа "Өглөө" сүүгээр мялаалгаад, Засгийн газрын ордны баруунтаагаар хойш хөдөллөө. Энд зорчиж яваа хүмүүс шагналаа хүртэж, сүүлийн үед Далай ээж гэхээсээ илүүтэй Хөх сувд хэмээгдэх болсон Хөвсгөл далайг үзэхээр зорьж буй нь энэ ээ. Нар ээсэн сайхан өдөр. Монгол хүн аливааг эерэгээр харж, зөөллөж боддог хойно энэ өглөө нэг нь ч цагаасаа хожимдсонгүй. Олон жил ном судар хэмээгч ариун эдтэй ажил амьдралаа холбосон хүмүүс ч муухан ламхайгаас дээр болчихсон байдаг бололтой юм. Яг л хэлж, хэлсэн нь яг л онох жишээний. Биднийгээ хомаандалж, "атгаж" яваа дарга аниа нар /Бямбаа эгч, Сараа эгч/ маань сайн цагт хөдөлсүгэй хэмээн лүндэгнэсэн болохоор ийн хөдөлж яваа юм аа. Бид аялалын /салаа гэх үү, бригад гэх үү, хамтлаг гэх үү, баг гэх үү манайхаан энэ хэсгийг уншчихаад нэгийг нь сонгож ирүүлээрэй/ ..........................-таа хоёр ч чухал хүнийг авах ёстой. Ингээд бидний хөл толгой бүрдээд 22-ын товчоогоор шуугиулж гарлаа. Дуутай хууртай, наадам наргиатай. Гангар шаазан хагартал инээнэ гэдэг шиг, ганган микрог задартал инээсээр л явлаа даа гэж.
Түмээ ах маань монгол ёсоор биднийгээ үдэв
ФОТОГ - БАЯРТУЯА
Яг хаана байдгийг нь мартчихаж. Нэгэн том овооны дэргэд дөрөө мулталж, аяны алтан зам, аялалын сайн сайхныг даатган сэржим өргөөд, нэг шил юмны "голыг нь харлуулав". Гэрэл зураг авуураар хотоос дөнгөж гарч буй хүмүүсийн байр байдал ийм байна долоо хоногийн дараа ямар болсон байхыг харьцуулахаар баахан зураг дарсан ч буцаж явах үеийнхээ зургийг даруулахыг бүгд нэгэн зэрэг бүр санаатайгаар мартчихсан байна лээ шүү. Арга ч үгүй дээ, хүн болгон өөрсдийгөө ямархуу төрхтэй болоод ирснийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа болохоор энд бичиж олонд зарлаад юүхэв.
Хэдэн аймгаар хур тараасан даа
ФОТОГ - Я
Эрдэнэт хүртэл аажуу тайвуу адгаж, адлалгүйгээр явлаа. Жолооч ахыгаа энэ далимд магтахгүй бол гомдоно, хөөрхий. Хойно энэ хүний тухай жичэд нь өгүүлэх / уг нь нэг бүлэг болгоод бичихэд багадахгүй хүн юм байгаан. Хүнийг өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр алдаршуулна гэдэг нүгэл болно/ учир чимххэн өгүүлсү. Энэ олон /12/ хүний эд эрхтэний дотоод асуудалд тохируулж явна гэдэг багагүй тэвчээр. Хэн нэгэн нь хүндэрч, хэн нэгэн нь хөнгөрмөөр ч байсан байх. Зогсоорой л гэнэ, хөгжмөө чангал, сулла л гэнэ. Тэр болгонд нь зочид буудлын хүлээн авагч хүүхэн шиг худлаа ярзайж хүлээн аваагүй ч бас нийтийн унааны тасалбар түгээгч шиг ярвайж ярзганаагүйд нь Батаа ахыгаа магтая. 

Ногоон ширдэгээ өнгийн цэцэгсээр чимэглэжээ
ФОТОГ - Я

Тэнгэр эцэг, Газар ижий хоёр нэг л өдөр энэ газарт тухлаж байгаад л наргиж жаргахдаа бэлтгэж байгаа бололтой тал, уулсаар нэг ногоон ширдэг дэвсээд, энд тэнд нь өнгө өнгийн цэцэгсээр чимэглэжээ. Хурмаст хур бороогоо харамгүй хайрлаж, газар дэлхий аль байдгаараа дэлэгнээд нэг бодлын хоорондоо уралдаад ч байгаа юм уу гэмээр. Тэнгэр нь үүлсээ угалзлаад, Газар нь цэцгээ хээлээд л. Энэ орчлон тэр чигээрээ хээ угалз болчихож.

Хур борооны үүлс биднийгээ тойроод л хөвөх юм. Угаасан даавуу сэгсэрхээр усны харагдамгүй ширхэг цацардаг шиг тийм өчүүхэн дуслууд машины маань цонхыг маажна. Эрдэнэтэд бид хур дагуулж очлоо. Өмнө нь бороо сүйдтэй ороогүй байсан гэх. Зарим нэгнийг маань найз нөхөд нь тэсэн ядан хүлээж буй бололтой байн байн утас нь хангинаастай. Өлсөж цангасан амьтас, идэш уушны газар хайж хэсэг явав. Ашгүй Тулгаа Туяа хоёрын маань найз ягаан машинтайгаа давхин ирж нэгэн хоолны газарт дагуулан очоод золтой л нийлчихээгүй байсан архангай, өвөрхангай хоёрыг маань зааглах жижигхээн "горхи" урсгаадхав. 

Эрдэнэт хотод ажил амьдрал өрнөдгөөрөө өрнөнө. Монгол улсын саалийн үнээ л гэнэ, их бүтээн байгуулалтын үр дүн л гэнэ. Монголчууд энэ хотыг саасан нь үнээн. Гэхдээ биднээс илүүтэй орос ах нар маань л саасан байх. Тэд өрмийг нь авч, бид хусмыг нь хүртсээр хэдэн жилийн өмнөөс л өрмөнд нь хошуу хүрэх болсон юмдаг уу даа. Эрдэнэт үнэхээр нам гүм, цэвэрхэн хот. Энд надад таних нэгэн байхгүй ч энд ирэхдээ би дуртай. 
Өнөөх л сонгуулийн сурталчилгаа. Биднийг Эрдэнэт хотын хил хүртэл гаргаж өгсөн нэг нөхөр маань /уучлаарай Хэн ээ? нэрийг нь мартчихаж/: "Бараг л гэрт чинь өргөөд оруулаад өгье гэх нь холгүй юм болж байна. Эд угаасаа л ингэдэг шүү дээ, дараа нь мануусыгаа мартчихдаг улс" гэж "гоморхов". Үнэн л үг. 

Биднийг үдэж өгнө гэсээр амьдаа маань Эрдэнэт хотын хилийн дээс хүрэв. Баянаагийн эхнэр нь манай хоёртой хойно хамт сурч байсан гэнэ. Олоон жил уулзаагүй болоод ч тэгсэн үү хоёр бүсгүй хүн уулзаад нулимс мэлмэрүүлэв. Бүсгүй хүн энэ хорвоог уяхан болгодог гэдэг батлагдсан үнэн. Тэд л энэ гүжирмэг хорвоогийн аяыг олж, амьдралыг аз жаргалтай болгодог бус уу. Дан эрчүүдээр хорвоо дэлхий дүүрчихвэл ямар байхсан бол төсөөлөхөд ч аймаар. Баянаагийн маань эхнэр амаржих дөхжээ. Найзуудыгаа хүндэтгээд бие давхар мөртлөө үдэж өгөхөөр ирэв. Эднийх удахгүй нийслэл рүү ирэх гэнэ. Жүжигчин амьдаа маань мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй, бас ч гэж уран бүтээлч хүн учир шинийг эрэлхийлэхээр тэмүүлэх нь аргагүй. Хотын утаа униар, дуу шуунаас залхсан мань мэтийн хувьд хөдөөгийн хот суурингууд жаргалын орон шиг л санагдах болж. Гэхдээ мань хүн нутагтаа эргэж ирнэ гэж байсан. Тэр ч мэдээж. Нэлээд хэдэн удаа уулзаад ч сэтгэлд дүр нь орж ирдэггүй хүн гэж байхад нэг л удаа уулзсан мөртлөө хэзээд мартагдамгүй найз нөхөр болдог тийм хүн бас байх юм. Амьдаагийнхаа гэр бүлд аз жаргал хүсч, уран бүтээлийн онгод чинь үргэлж хөглөж, ялгуусан Янжинлхам бурхан чамайг тасралтгүй ивээж байх болтугай. 
Хүнийг найз нөхдөөр нь илүүтэй танидаг гэдэг шиг найз нөхдийн нандин холбоог мэдрүүлсэн Тулгаа, Туяа хоёртоо ч мөн талархая.
Амьдаагаараа үдүүлж байна аа
ФОТОГ - Я

Бид Эрдэнэтээс Булган хүртэл дуутай шуутайхан давхисаар явж орлоо. "Голыг нь харлуулж" орхисон хэдэн шилтэй идээ маань горыг нь мэдрүүлээд өгье гэх шиг ходоод халуу оргиулна.               
              Аманд орохдоо алтан шумуул мэт 
              Амнаас гарахдаа арслан заан боссон мэт  хэмээн "Чингисийн есөн өрлөгтэй Өнчин хүүгийн цэцэлсэн шастир"-т өгүүлсэн нь буй. Зам зуур амнаасаа арслан заан боссон мэт үйлдэл бүү гаргаасай хэмээн залбирлаа.
Булган аймгийн Төв номын санд буудаллав. Номын сангийн эрхлэгч нь бидэндээ шинэ шөл уулгах гээд усан борооноор хөдөө айл руу хонинд явжээ. Хөдөөгийнхний эвдрээгүй зан гэдэг үнэхээр сайхан. Хэдхэн жилийн өмнө хот хөдөөгүй л хүмүүсийн сэтгэл ийм байсан, одоо ямар болсон билээ дээ гэж бодохоор харамсмаар. Цай цүй ууж, номын сангийнх нь үйл ажиллагаатай танилцаад хоорондоо элдвийн наргиан өрнүүлж суутал номын сангийн эрхлэгч Баярмаа эгч маань давхиад ирлээ. За удаан хүлээв үү, та нар ч манай нутагт хур дагуулаад ирдэг   хүмүүс юм аа гээд л хэзээний наргианч, дуутай шуутай хүн нь мэдэгдэв. Бид ч Баярмаа эгчийнхээ гэррүү нь микрогоо зүглүүллээ. Оройжин хуучлах нь хуучилж, тоглох нь тоглож суусаар хонины шинэ шөл ууж, хорхог идэж авлаа. Энд тохиосон элдэв эзэнтэй онигоо, наргиан зөвхөн бидний дунд үлдэнэ гэж ам шүд алдацгаасан болохоор хулхинд буу тулгасан ч Цогоо эгчийнхээ онигоог хэлэхгүй юм хуна. 
Шөнө тэнгэр сав саруул. Одод хэнээс ч юм ичингүйрээд энд тэнд нэг далд орж, нэг ил гарч анивчаад л. Анд найз Өлзийгийнхөө хамт саруулхан тэнгэрийн дор гадаа унтахаар хэвтэж буй нь энэ. Эр хүний жаргал эзгүй хээр ээ гэж. 
Өлзий гэснээс, найз маань микроны бөгсөнд бус цээжинд суудаг месттэй хүн дээ. Машины эд эрхтэн юу нь болохгүй байгааг дуугаар нь л мэдчихдэг зайтай эр. "Онц тээвэрчин"-ий "Сайн туслах" цол өгүүштэй. Машинаа, мануусийгаа гээд л зүтгээд явсан хүн. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэсэн философитой нөхөр. Зам зуур юу ч ярина. Жолоочийн дэргэд бид хоёр суучихсан байхад уу, ам хамхилгүй яваад хаа ч хүрч мэднэ шүү дээ. За за "Тунгалаг тамир" киноны өнөөх хоёр жаал шиг хадуурах шинжтэй. Өлзийгийнхөө буяныг энэ цөөн хоногийн хугацаанд хангалттай л хүртсэн дээ. Өлзийгийн маань өлзий буян нь дэлгэрч яваг ээ.
Өглөө шиг эх орныхоо хоймор өөд аялаж яваа бидний эхний өдөр ингэж жаргав.

2012.06.20 
Булган аймаг, 
Баярмаа эгчийн хашаанд, 
Гэрийн буурин дээр
Аяны хөнжил дотор

/Хүмүүс аливаа зүйлсийг бичиж тэмдэглэсэн газраа дурьддаг юм билээ. Би ч бас олныхоо жишгийг дагалаа гэж/