Pages

Tuesday, April 2, 2013

Хоёрдахь өдрийн аялал












Японд өнгөрүүлсэн хоёр дахь шөнө бүгчим гэж жигтэйхэн. Хөнжлийн хэрэг байгаа ч юм уу. Нүцгэн унтсан бололтой, өглөө нь хөнжил миний дээр биш шалан дээр хэвтэж байлаа. Нүүр гараа угаачихаад, доошоо 3-р давхар руу бууж өглөөний цайгаа уучихаад өрөөндөө ирлээ. Эрчүүдийн өрөө 7 давхарт, хүүхнүүдийнх нь тэрнээс дээш. Энэ арав гаруй давхар байшинд хүйсийн тэгш харьцаа 4:1 бололтой. Манай багт л гэхэд 31 хүнээс 8 нь эр хүйстэн. Үүгээрээ бусад ээлжийнхнээс алаг цоог нь арай дээр.
Нүдэнд үл үзэгдэх мөртлөө манай нутгийн голиорхуу дуутай хачин шавжнууд гадаа ёстой л “хоорлож” байна аа. Шувуун жиргээ сонстохгүй атал энэ жижиг шавж л тахиа шиг хар үүрээр чарлалдахыг нь яана. Чийг үнэртсэн энэ газрын халуунд ирсэнээсээ хойш би өөрийгөө хүлэмжин дэх улаан лооль, өргөст хэмхтэй зүйрлээд эхэлчихлээ. Миний мэдэхийн л хүлэмжинд ургадаг хамгийн ойр дөт нэртэй нь энэ хоёр юм даа.
Өнөөдөр хичээлгүй. Бямба гараг болохоор тэр шүү дээ. Манай ээлжийг дотор нь хувааж ангилаад /хүйс, нас, арьсны өнгөөр нь бус шүү/ нэг нэг багшийг ангийн багшаар томилжээ. Бидний багшийнхаа царайг анх удаа харах завшаант өдөр нь өнөөдөр. Багштайгаа би 10 орчим минут “буу халав”. За Баянмүнхү сан, Монголд ямар ажил хийдэг вэ гэх мэтээр шалгааж байсанаа, “Ажил мэргэжилтэйгээ ойролцоо ямар хичээл заалгамаар байна. Энд найз нөхөдтэй юу, Осакад юу хиймээр байна” гээд л шидэт ломбоноос гарч ирдэг Бирд аятай асуулт тавив. Асуултанд нь чадлаараа л хариулсан. Япон хэлээ бараг гээчихсэн юм биш үү, Баянаа саан гэж өөрийгөө дотроо зүхээд л сууж байлаа. Осакад цагийн ажил хиймээр байна гэлтэй нь биш дээ, санаа зовоод. Харин морин тойруулгын уралдаан үзмээр байна гэчихсэн чинь энд барагтай бол зохиогддоггүй, үзэхийг хүсч байвал Токио руу л яв гэх нь тэр.
Боловсон байцаалтаас сая хоёр яс салаад дэлгүүр хэсэхээр тэнүүчлэв. Хэтэвчиндээ олигтой иенгүй мөртлөө энэ турсагын дэлгүүр хэсэх дуртайг ээ гэж нимгэн хэтэвчтэйг минь мэдсэн бол япончууд шоолох байсан байх даа. Гэсэн ч тэд намайг мөнгө муутайг мэдээгүй л юм даа. Сургалтын төвийн маань зүүн хаяанд нь сүндэрлэх гүүрийг дугуйгаараа даваад дээр нь гарч салхидаж хэсэг амраад, мөн цааш өнхөрч гарлаа. Далайн эрэг дагуу зүүнтээ сунайх энэ арлын улсад нарыг халхлах уулс гэж барагтай байдаггүй болохоор нь Наран улс гэж нэрийдсэн юм болов уу ч гэж бодогдов. “AEON” худалдааны төвийн байранд хякү /100/ иений дэлгүүр байдаг гэдгийг сонсчихоод “гайхамшигтай” хямд бараатай тэр дэлгүүрийг үзчих санаатай хөлсөө цувуулан жийж яваа маань энэ. “Аман хуур” киноны Соном өвгөн байрны түлхүүр гардчихаад гэррүүгээ жирийлгэдэг шиг л. Гэхдээ би тэр өвгөн шиг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй л дээ.
Замдаа хоёр ч гүүр давлаа. Алсаас харахад тэмээн бөх шиг босоо хэрнээ дугуйтай жийхэд хэцүү эд биш юм аа. Япончууд ард түмнийхээ амьдрах ая тавыг хангасан байна. Дугуйн зам гэж нарийн жим шиг хэрнээ машин ч бараг багтчихмаар замтай. Эхний гүүр нь далайн ус түрж орж ирсэн тохойн дээгүүр дамжсан бол удаах нь өргөн голын дээгүүр тэгнэжээ. Тэр гол нь аралруугаа урсаад байгаа нь ч мэдэгдэхгүй, далайдаа цутгаад байгаа ч гэх баримжаагүй тогтуун. Амсаад үзвэл л хаанаас хаа хүрэх гэж зүтгэж байгааг нь гадарлаж болох байлаа. Гэвч доош буух зав ч гарсангүй, миний нутгийн гол шиг цэнхэртэхгүй харин нуль замаг хөвж яваа аятай нов ногоо юм. Явсаар байгаад сая нэг худалдааны төвийнхөө барааг харав. Том юм аа, гаднаа эмх цэгцтэй машины болоод дугуйн зогсоолтой юм. Гарч ороход хураамж гэж дарамтлах хүн ч алга. Хоёр давхар, өргөн урт энэ барилгад юу л бол юу байгаа бололтой. Баруун захаасаа зоогийн газруудын нэрс жагсаж явсанаа дундуур нь дэлхийн нэртэй брэндүүдийн нэрс “дайрч” орж ирээд, амьтны үсний салон, электрон барааны дэлгүүр, нөгөө гайхамшигт 100 иений дэлгүүр гээд л шувтарчих юм. Амьтны үсний салон гэснээс япончууд амьтан тэжээх нь их бололтой. Жижигхэн хаванцар ноход л хөтөлсөн, тэвэрсэн хүмүүс их таарах юм. Жижиг газар нутагтай болохоор том нохой тэжээж болдоггүй юм байх даа гэсэн хөгийн бодол тархинд бас харваж байна шүү. “Pet’s salon гэсэн хаалгаар хамраа хавчуулаад амжчихсаан бас. Хэдэн нохой муур л хүн аятай сандал дээр цомцойтол суугаад тольдож байвал яах вэ ккк. Амьд явахад юм юм үзнээ гэж. Гаднаас нь харж алхаж яваад орлоо доо. Нохой гаслам халуунаас сэрүү татуулсан дэлгүүрүү орох ч хүнд хэсэгхэн зуурын таашаал ч төрүүлэх юм даа. Хэтэвчиндээ 700 гаруй иен би далайн хоол, шарсан хуурсан ногоо үнэртсэн давхраар баахан сэлгүүцэж, хараа булаасан эрээн мяраан хувцас, чих дөжрөм чанга орилсон хөгжим, тэрхүү хөгжмийг давж гарах гэж чадлаараа Ирашшаймасэ /Тавтай морилно уу/ хэмээн орилох цагийн ажилчид /staff/-ыг сониучирхан харсаар яваад хайж явсан 100 иений дэлгүүрийн үүдэнд ирчихэв. Хүний өдөр тутмын хэрэгцээнд тохирсон бараа лангуугаараа өржээ. 100 иен гэсэн нэртэй л болохоос бараанууд нь 150-аас дээш иен /2400 төгрөг/-ээс дээш үнэтэй юм. Япончууд ч олноороо ирж үйлчлүүлдэг бололтой юм. 2 ширхэг түлхүүрийн оосор худалдаж авлаа. Цаасан мөнгө өгөхөд нэг иений ч зөрүүгүй хариулт өгч байна шүү. Кассны машин нь өөрөө тооцоолоод бодоод өөдөөс нь хэдэн зоосон мөнгө чулуудчихдаг юм байна. Касс дээр зогсож байгаа хүн дундаас нь цавчина гэсэн ойлголт алга. Үнэнч гэж жигтэйхэн. Ширхэг юм авсан ч уутанд хийж өгдөг номтой юм байна. Манайхан шиг уутны мөнгө тэдэн төгрөг гэж новшрохгүй, аятайхан юм.
Их наран улс дундаж наслалтаараа дэлхийд толгой цохиж, иргэдийнх нь ихэнх хувийг хөгшин настайчууд эзэлдэг гэдэг үнэн. Хэн л явна настайчууд байх. Залуус нь газрын гавруу орчихжээ дээ янз нь.
Дэлгүүр зээлээр хэсч нүдээ хужирлаж явсаар, номын сантай танилцах цагаасаа хоцрох шахсанаа анзаарч, дэлгүүрээс хар гүйхээрээ гарч дугуйн зогсоолд хүрлээ. Өдрийн хоолны цаг ч дөхсөн учир амжиж очихгүй бол оройн хоол хүртэл ходоодоо өөрөө л баярлуулах хэрэг гарах тавилантай.
–Өө чи минь хоолноосоо хоцорчихсон уу? Май найзаа хоолыг нь хадгалчихсан байлаа гэж нялганах зан үгүй. Хар халуунд гүүрээр өөд өгсөж дугуйтай явна гэдэг баршгүй даваа мэт санагдсан ч нэг л мэдэхэд дээр нь гарчихаад доош уруудаж явлаа. Хөлсөө цувтал жийсээр 13.20 цагт төвийнхөө үүдэнд ирэв. Шууд л 3-р давхарт гарч хооллочихоод, тэндээсээ эргэж 1-р давхарт буугаад, урт хонгилоор эргэж мушгирч явсаар 2-р давхарын номын санруу оров. Ингэж бууж байж номын сан руу ордог зохион байгуулалттай юм байна, барилга нь. Манай багийнхан дөнгөж орж ирээд цуглаж буй бололтой, энд тэрүүгээр сониучирхан алхална. Ямар ч чимээ аниргүй, хөлөө тун болгоомжтой зөөж, гэтэж яваа тэднийг тогоруутай зүйрлэж, өөрөө өөрийгөө баясгав.
Багийнхантайгаа нийлж аваад номын сантай нь танилцав. Ер нь тун нээлттэй газар юм. Арга ч үгүй юм байгаа биз, улирал бүр хэдэн арван өөр улсаас ирж суралцдаг хүмүүстэй харилцдаг болохоор өөдөөс нь япончуудын бүрэг ичимхий зан гаргаад хэтэрхий ёсорхоод байвал олон хүн толгой дээр нь зайдалчихаж мэднэ. Тэд ч зүсэн зүйлийн хүмүүстэй харилцах арга эвээ хэдийнэ олчихжээ. Биднийг анх энэ төвд ирэхэд л цээж зурагтай, улсын болоод миний нэртэй Ай Ди карт өгсөн түүгээрээ л үйлчлүүлэхэд болно гэнэ. Өөр ямар нэгэн нэмэлт материал шаардахгүй, хүндрэлгүй гэж хэлж болохуйц үйлчилгээтэй газар юм. Номын сангийн дотуур их хөгжлийн бэлэн загвар болсон арлын японы цэцэглэлт, бусдад гайхуулан үлгэрлэх автоматжуулалтыг шагширч яваа хүн сүргийнхээ нэгэн гишүүн болж, өөрөө ч бас номын сангийн салбарын нэгний хувьд номын сан нь надтай их ойр дотно санагдав. Тухтай, нам гүм, нэг их том биш авсаархан танхимтай юм байна. Миний харсанаар Япон-Монгол толь 3 ширхэг байх шиг байна. Монголтой холбоотой өөр ямар төрлийн номууд байгааг нарийн сайн харж амжсангүй. Тайлбарлагч бүсгүй дэндүү хурдан яриад, сүргийг минь дагуулаад холдчих гээд байсан тул, номын ар нурууг онигор нүдээрээ хальт ширвэсэн болоод л өнгөрч байлаа. Ном, CD, DVD зэргийг 1-2 долоо хоног хэрэглээд буцаадаг журамтай. Ямарваа нэгэн номын хуудсыг хувилахад төлбөргүй. Хэлний чиглэлийн CD, DVD-г авч гарах хориотой гэх. Маньтайгаа адилхан хэлний бэрхшээлтэй хүмүүс их ирдэг болохоор олонд хүргэх үүднээс хэрэглээг нь ингэж хязгаарласан бололтой. Манай УҮХ-ээс тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан холбоотой номоор үзэсгэлэн гаргадаг шиг энд бас тэгдэг гэнэ. Өнөөдрийн хувьд цагны өдөр. Цагны тухай номуудыг дэлгэжээ. Төрөл бүрийн л цагны тухай номыг дэлгэж, орсон гарсан хүмүүст үзүүлж байх юм. Гарахдаа дууны 2 ширхэг CD авчихлаа, орой унтахын өмнө сонсохоор.
Номын сантай танилцсаны дараагаар эргэж орж ирж хувцасаа солиод гарав. Энэ удаа сургалтын төвөөс зүүнтээ байх Ринкү Таун хэмээх газар руу дөтлөв. Анх ирэхдээ метроноос буугаад таксигаар нааш ирсэн газар. Алсыг харагчийн гэрэл шөнөжин цацарч, худалдааны төвүүд ярайн байрласан газар. Тэр бүгдийг үзэхээр танилцах аялалдаа мордож байгаа минь энэ. Манай багийнхан ч надтай адил нэг нэг дугуй өмчилж аваад л жирийлгэж өгсөн. Нэгнийхээ нэрийг байтугай аль улсаас ч ирснийг нь бараг санахгүй байгаа нөхөд нэгэн зүгт явсан ч гэсэн дөрөө нийлье гэж хэлэхгүй нь лав. Явах замд “Ниссан”-ы худалдааны төв, таксины компани ч өнгөрөв. Дугуйн зам нь үнэнхүү амар юм аа. Хаанаас юу гарч ирээд мөргөчих бол гэж эмээхийн зовлонгүй. Явган хүний гарц нь уулзвартай хэсэгтээ л байх юм. Тийм ч учраас машин замаараа жолооч нар жинхэнэ эрхээ эдэлдэг бололтой. Хуйх салгачих шахам л хурдтай явахыг нь яана. Машин замыг тэгнэж баруун хойноос зүүн урагш сунасан гүүрний доор өчнөөн янзын дэлгүүр байна аа. Худалдааны нэгдсэн гудам ч гэмээр юм шиг. ”Rinku Seacle” гэсэн нэртэй хүүхдийн бололтой дэлгүүрийн үүдэнд дугуйн зогсоол дээр дөрөө мултлав. Тэнэж явсаар 2-р давхарт нь гарвал өчнөөн олон төрлийн дэлгүүр байна. Анх ирсэнээ бодвол ядаж л нар хаанаас мандаж хаана жаргаад байгааг мэдэхтэйгээ болсон би санаа амар тэнэж байгаа юм чинь. Спортын эмэгтэйчүүдийн, хүүхдийн гээд л хувцасны л дэлгүүрийн хаалга дэлгээстэй. Үнэтэй л юм, гэвч эндээ бол хямддаа л тооцогддог байх даа. Шавайгаа ханатал тэнэлээ. Хүмүүсийн хөл татрах янзгүй шүү. “Ямада” нэртэй дэлгүүр байхаар нь яваад орлоо. Дотроо бэлэн хувцас, электрон бараа, хүнсний тасагтай юм аа. 1950 иенээр лав малгай авчихаж болох юм байна. Зүсэн зүйлийн хүн, есөн зүйлийн бараа аваад л байх юм. Цахилгаан барааны тасагт нь ороод хамгийн сайн лэптопыг нь хайлаа. Core i-7 хэд байсан гэж санана. 170,000 иен. Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарт Компьютер Ландад ороод i-5 үзүүлэлттэй нөүтбүүк харчихаад дараагийн загвар нь гараагүй гэсэн хариу сонсоод гарч байсанаа бодохоор энэ хоёр улсын хөгжил хэдэн жилээр хэмжигдэж байгааг мэдрэв. Өнөөх гараагүй гээд байсан загвар нь энд гарчихаад хямдрал зарлачихсан байвал яах вэ. За энэ ч яахав. Нэг муу их мэдэгч наймаачны үгээр эх орныхоо хөгжлийг тодорхойлох нь өрөөсгөл ойлголт болохоор ингэсгээд хаялаа.
Орой ч болчихож. Энэ хэдийн дээрээс жаахан нулимах уу, яах вэ гэж хэлэлцэж буй бололтой баруун хойхно тэрүүхэн тэндээ хэдэн бараан үүлс бөөгнөрчихөж. Бороонд шалба норсоноос эртхэн байрандаа очиж, хэвтье гэж шийдээд, замаараа “FamilyMart” нэртэй мухлагаар орж 3 шил /өөр өөр нэртэй/ шар айраг аваад байрандаа ирлээ. Дугуй гэж сайхан унаа юм аа, бөгс холгохыг эс тооцвол. Түгжирнэ, эвдэрнэ, шатахуунгүй болно гэсэн ойлголт байхгүй.
Байрандаа ирж оройн хоолоо идчихээд, интернэтэд хэсэг суув. Яхоо мессэнжэр байхгүй янзын юм аа. Гэвч яая гэхэв. Манийг гэх хүн ямар байх биш. Ирээд ч олон хоночихсон биш. Өрөөрүүгээ хазганав. Дугуй зайдлаагүй удсан хүний зовлон хойно бөх стилиэр баацганав. Бушуухан усанд орж сэрүүцэх минь.
Бүгчим энэ халуунд миний өрөөний эйркондишн /агааржуулагч гэх үү дээ/ хамгийн доод хэм дээрээ дүнгэнэж байлаа. Би харин орон дотроо өдрийн номын сангаас авсан CD-гээ сонсонтоо “Асахи” шар айраг шимж хэвтэнэ. Ойрд уусангүй дээ гэж худал томроод яахав. Ориг “Асахи” ч ондоо юм аа.
За өөр юмгүй дээ, маргааш дахиад л амарна. Юу хүлээж байгааг хэн ч мэдэхгүй учир улам л сонирхолтой санагдана.
Баяртай.

2011 оны 06-р сарын 24-нд.
Кансай ОУ-ын сургалтын төв. Осака, Япон.