Pages

Wednesday, November 2, 2011

ойрдоо шинэ зүйл бичсэнгүй

Ойрдоо шинэ зүйл бичсэнгүй. Байгууллагын маань ой тохиох гээд л зав муутай жирийчихлээ. Гэхдээ яаж зүгээр байхав дээ. Миний блогоор орж гардаг хүмүүстээ зориулаад хэдэн юм нийтлэе гэж бодлоо. Хуучин муу дэвтрээ эргүүлжээ суутал хэдэн мөрт гараад ирлээ. Сайн мууг нь та бүхэн шүүнэ биз. Хэн нэгний сонины нүүрэнд нийтлүүлсэн биш, эрх чөлөөний агаарыг амьсгалдаг ганц орчин болсон блогтоо л нийтэлчихлээ.

Цаана бас наана
Түмэн оддын цаана түмэн од бий
Түмэн ардын цаана ч түмээрээ бий
Төрөх нь үнэн ч үхэх нь үнэн гэдэг ч
Төрөхгүй аваас үхэхийн шалтгаан үгүй ээ.
     Дурлахын наана шохоорхол бий
     Дуулахын наана аялах гэж бий
     Дурсахын наана учрал гэж бий
     Дуугарахын наана бодол гэж бий
Амьдралын цаана үхэл бий
Арсалдахын цаана тэмцэл гэж бий
Хүний цаана хүн бас бий
Хүслийн цаана хясал гэж бас бий.
     Харахын цаана хазах гэж бий
     Харамлахын цаана хардах гэж бий
     Гунихын цаана гутрал бий
     Гуйлгахын цаана туних гэж бий.
Аз гээчийн цаана эз гэж бий
Айдсын цаана хүйдэс гэж бий
Уулсын цаана уулс бий
Усны дотор ус бас бий.
     Уурлахын цаана учир бий
     Утасны цаана үзүүр бий
     Талын цаана тал бий
     Танилын цаана танил бас бий.

Цонхны цаана машины дохио хангинаад
Цонхигор царайтай бүсгүйн нүд шиг жихүүн
Шил мөргөсөн салхи нэвтэлж чадахгүйдээ бачуурч
Шингэн дуугаар уйлах мэт исгэрнэ.
     Цагийн зүү аль нэг тоон дээр бүдэрч
     Цааш ахилгүй тэндээ үлдээсэй гэж би хүсдэг
     Хаврын навчис модноос цухуйж
     Намрын салхинд ажралгүй өвөлжөөсэй гэж би хүсдэг.


Айдас
Шөнө гудмаар алхахдаа би айдаг
Шүргээд өнгөрөх төдийд нэвт нэгжигсдээс би жийрхдэг
Хүлээ гэхийн завдалгүй хуруун дахь бөгж шувталдаг
Хулгайч гэх нэртэй хүнд гаруудаас би эмээдэг.

Харсан болгоноо авдаг сайн эрсийг дуудъя
Хавьтуулдаггүй омголон хүүхний сэтгэлийг надад шууж өг
Урт гар, уран үгсийн алинаар ч хамаагүй
Уургалж авчраад миний өмнө зогсоо.
    13 мэхний чинь аль вэ гэж би асуухгүй
     Авдар авдраар нь архи өгье гэж би томрохгүй
     Алт, мөнгөн ембүүний аль нь ч надад байхгүй
     Хэлсэндээ хүрэх чин санаа, хэлэхгүйгээ үл хэлэх мунхаг ухаан бий.

3 мөртүүд
Хуруун завсар салхи исгэрнэ
Хувцас нимгэдэж би даарна
Хуруу хувцасгүй мөртлөө халууцна.

Нүгэл үйлдэвч нүд цавчихгүй
Нүд улайвал нүүр улайна
Нүд цавчвал нүгэл үл хийнэ.

Бороо дусалтал шүхэр бодогдохгүй
Бодол сэргэвэл үзэг цаас үгүйлэгдэнэ
Бодлоо бичихэд бороо бас хэрэгтэй.

Дурлал ирвэл би хүлээж авахгүй
Хардалт араас нь дагаж яваа
Хардалтыг ирнэ гэж би хардаж байна.

Үүлс нүүвэл нүүг ээ
Үзүүргүй тэнгэрийн хаана очихыг  нь
Үзмээр байна, наад үүлсээ нүүлгэ.